Төрийн Нарийн бичгийн даргын баталсан шуурхай төлөвлөгөөний нэгдүгээрт заасныг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд ЗХЖШ, Зэвсэгт хүчний төрлийн цэргийн командлал, удирдах газар, нэгтгэл, ангиудын хуулийн офицеруудад “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтыг Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын Хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Л.Ганзориг илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх хэлбэрээр явууллаа.
Сургалтаар авлига, ашиг сонирхлын талаар хууль, эрх зүйн орчин, тэдгээрийн тухай ойлголт, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн албан тушаалтны эрхийн хязгаарлалт, ашиг сонирхлын зөрчлийн зохицуулалт, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар төрийн байгууллагын хүлээх нийтлэг үүрэг, эрх бүхий албан тушаалтнуудын эрх, үүрэг, хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргахад анхаарах асуудлуудын талаар мэдээ мэдээлэл өгч, "Үндсэн хууль"-ийн эмхэтгэл, сургалтын материал, авлигын эсрэг тараах хуудас зэргийг анги салбар бүрийн төлөөлөлд гардуулсан юм.
Монгол Улсын Авлигын эсрэг тухай хуулийн 3.11-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг авлига гэнэ хэмээсэн байдаг. Нийгмийн хөгжлийн шудрага, эрүүл чиг хандлагыг улс эх орондоо, аймаг сумд, ажил алба, өөрийн хүрээлэл дундаа бий болгож, хэвшүүлэхэд иргэн таны оролцоо чухал бөгөөд төрийн албан тушаалтан, алба хаагчдаас аливаа хууль бус үйлдэл хүсэхгүй, шаардахгүй, авлигал өгөхгүй, авахгүй байх ёстой.
Түүнчлэн НҮБ-ын Бодлогын баримт бичигт Төрийн эрх мэдэл, эрх хэмжээ, албан тушаалаа хувийн ашиг сонирхолд ашиглах явдлыг хэлнэ гэж тусгасан байдаг аж.