УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа УИХ-ын гишүүдийн тойрогтоо ажилласан байдал, нийгэмд тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх арга замын талаар хэлэлцжээ.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байгаа энэ үед УИХ-ын гишүүд 7 хоногийн хугацаанд тойрогтоо ажилласан юм. Ингэхэд орон нутагт ажилласан гишүүдийн зүгээс гурван асуудлыг онцолсон байна. Нэгдүгээрт, УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоорявуулахыг иргэд дэмжсэн тул уг тогтолцооны хувилбарыг Үндсэн хуульд тусгах бололцоотой. Хоёрдугаарт харьцааны тухайд мажоритар тогтолцоо давамгай байх нь илүү үр дүнтэй. Гуравдугаарт парламентад суух гишүүдийн тоог 152-оос бууруулах саналыг давамгайлан гаргажээ.
Бүлгийн хуралдаанаар Үндсэн хуулийн өөрчлөлт нь эрх барьж буй МАН-ын асуудал бус парламентад суудалтай намуудад бүгдэд нь хамаатай асуудал. Иймд АН, ХҮН-ын гишүүдтэй уулзаж, сонгуулийн тогтолцоо, гишүүдийн тоо, харьцааны асуудлыг зөвшилцөх, улмаар бүлгийн хурлаар дахин хэлэлцсэний дараа эцэслэх хэрэгтэй гэж үзжээ.