УИХ-ын даргын ивээл дор "Номын соёлт ертөнц" ТББ-аас 33 дахь удаагаа зохион байгуулж буй Үндэсний номын баяр энэ сарын 19-нд Говьсүмбэрт, 21-нд Дорноговь аймагт, Улаанбаатар хотноо энэ сарын 26-28-нд болно.
Энэ жилийн Үндэсний номын баяр хөдөө орон нутагт эхэлж байна. Монгол сакура буюу буйлс цэцэглэх хавраар “Илүү их уншъя” хэмээн уриалж Говьсүмбэр аймгийн Чойр хотод энэ сарын 19-нд Дуу бүжгийн Боржигон чуулга, Төв номын санд Номын баярын нээлт болно.
Улмаар баярын буухиа Дорноговь аймгийн Сайншанд хотод үргэлжилж энэ сарын 21-нд төв талбайд Номын баярын үйл ажиллагааг зохион байгуулах юм. Энэ жил Говийн ноён хутагт Д.Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ой болж байна. Баяр дээр баяр нэмсэн сайхан цаг тохиож буй учир баярын аялалд яваа зохиогч, хэвлэн нийтлэгчдийн хувьд ч олон сайхан түүхийг эргэцүүлэн бодох, уран бүтээлдээ тусгах чухал санааг өвөртлөх буй за.
Үндэсний номын баярын нэгдсэн үйл ажиллагаа Улаанбаатар хотноо Д.Сүхбаатарын талбайд энэ сарын 26-28-нд болох бөгөөд оройн 22 цаг хүртэл үргэлжлэх ажээ.
Номын баярын өдрүүдэд олон сонирхолтой хөтөлбөрийг уншигчдад хүргэхээр ажиллаж байна. Тухайлбал, BookCon, номын фэнүүдийн уулзалт, Book networking, Change my mind, Quiz, Уншигч зохиолчийн яриа, Fireside chat, “Уншиж чадвал урамшуулъя”, “Хаврын найраг”, “Дэлхий” хамтлагийн тоглолт, “Номын ертөнц” клубийн сурагчдын цүнхтэй ном үзүүлбэрүүд зэрэг гэнэтийн бэлэг номын баярын оролцогчдыг хүлээж байна. Мөн номын баярын судалгаа, онцлох номууд, хөтөч мэдээллийн хэсэг, зохион байгуулагч хүүхдүүдийн үйл ажиллагаа олны анхаарлыг татах хүлээлттэй байна. Орон нутгаас номын баяраа зорин ирж буй зохиолч, хэвлэн нийтлэгчид өөрсдийн үзүүлбэр, таниулгатайгаа оролцох бөгөөд орон нутгаас номын клубийн сурагчид баяртаа ирж ажиллахаар бүртгүүлж байгаа аж.
Номын баярт 200 гаруй хэвлэн нийтлэгч, 300 гаруй зохиолч тогтмол оролцдог. Энэ жилийн баярт оролцохоор гадны 10-аад орноос зочид мэдээллээ өгсөн байна. Номын баярыг дунджаар 180 мянган хүн зорин ирдэг.
МОНЦАМЭ агентлаг албан ёсны хэвлэлийн түншээр ажиллаж, олон улсад англи, орос, хятад, япон болон үндэсний монгол бичгээр тус тус мэдээ, мэдээлэл түгээдэг. Номын баяр бүрээр 50 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл тогтмол мэдээлэл бэлтгэн ажилладаг.
Номын баяр бол зөвхөн ном худалдан авах ажил биш, олон талын хамтын ажиллагаа өрнөдөг талбар. Энэ удаагийн номын баярын үеэр 2011 онд хийсэн уншигчдын судалгааг зарлах юм. Уншигчид одоогоос 12 жилийн өмнө ямар агуулгатай ном уншиж байснаа харьцуулах боломжтой. Ингэснээр ном зүйчид болон мэргэжлийн хүмүүст ч агуулгын хувьд хэрхэн өөрчлөгдсөн талаарх уншлагын чиг хандлагыг харьцуулах боломж бүрдэнэ.
Мөн “Дэлхийн номын нийслэл” цолыг авах хамгийн эхний шалгуур нь уншлага. Бүх нийтээр уншдаг хотын иргэд нэр дэвшдэг тул “Орон даяар уншъя” хэмээн уншлагыг дэмжсэн ажлыг хийх, уншлагыг сурталчлах, зөв агуулгыг нь чиглүүлэхийг зорьж байгаа аж.
Энэ жил төрийн байгууллагуудад хандан номын тэтгэлэг олгох ажлыг бодлогоор, маш чухал агуулгуудыг гарган тавьж байгаа хэвлэн нийтлэгчдээ дэмжих тодорхой хэмжээний “грант” бий болгох хүсэлтийг “Номын соёлт ертөнц” ТББ-аас гаргасан нь тухайн агуулгыг сурталчлан, мөнгөн дэмжлэгийг нутагшуулж эхлүүлэх цаг болсон гэж үзэж байгаатай холбоотой.
Тус ТББ Үндэсний номын баярыг жилд хоёр удаа зохион байгуулдаг. Мөн “Номын ертөнц” нэвтрүүлгийг ТВ9 телевизээр долоо хоног бүр үзэгчдэд хүргэж байна. Номын баярын үеэр номын мэдээллийг багцалсан “Номын ертөнц” сэтгүүлийг 5000 хувь хэвлэн үнэ төлбөргүй уншигчдад түгээдэг. “Редактор” клуб хамтын ажиллагааныхаа хүрээнд ном редакторлох, редактор зүй, ном зүйн соёлыг агуулсан бүтээлүүд дээр ажиллахын сацуу сургалт хийж, ном зүйн соёлыг анхлан ном бүтээгчдэд ойлгуулах зорилгоор ажиллаж байна. ТББ-ын дэргэдэх “Номын ертөнц” клубийн сурагчид номын баярын арын албанд ажиллах гол хүчийг бүрдүүлдэг байна.
Эх сурвалж: montsame.mn