Францын Парис хотноо болсон чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 63 кг-ын жинд тэргүүлсэн ОУХМ П.Орхон, түүнийг багш Ц.Цогтбаяр нарын амжилтыг чөлөөт бөхийн спортыг дэмжигч залуус болон “Аваргууд” академиас мялаалаа. Дэлхийн аварга, түүний баг хамт олныг баярлуулсан үйл явдал Спортын төв ордны өмнө боллоо. “Аваргууд” академи, “Бат Сол” ХХК-иас Дэлхийн аварга П.Орхонд Ланд-200 маркийн автомашин бэлэглэж, “Аваргууд академи ОХС” компаниас түүний багш, “Алдар” спорт хорооны дасгалжуулагч, Гавьяат тамирчин Ц.Цогтбаярт шинээр ашиглалтад орж буй орон сууцанд хоёр өрөө байртай болох боломж олголоо. Дэлхийн аваргаас медаль хүртсэн тамирчинд автомашин бэлэглэж байгаа анхны тохиолдол энэ болж байна.
Энэ үеэр “Бат Сол” компанийн захирал Н.Батсайхан "Тамирчин, дасгалжуулагчид маань ямар их хүч хөдөлмөр гаргаж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж, төрийн дууллаа эгшиглүүлдэг вэ гэдгийг хажууд нь байж мэдэрсэн хүний хувьд би их спортын үнэлэмжийг нэмэгдүүлье гэж бодож явдаг. Тэднийхээ хүч хөдөлмөрийн өөрийнхөө зүгээс боломжийнхоо хэмжээнд үнэлж, цаашлаад ийм жишиг тогтоосой гэдэг утгаар өнөөдрийн шагналыг П.Орхондоо гардуулж байгаа юм. Мэдээж ганц үүгээр түүний хөдөлмөр, хөлсийг үнэлэх боломжгүй. Манай П.Орхонд маш их чадвар, авьяас бий. Анхны Дэлхийн аваргадаа оролцоод, алтан медаль авахыг та бид бүгд харлаа. Би П.Орхондоо энэ оны улсын аварга шалгаруулах тэмцээний өмнө нэг амлалт өгсөн юм. Тэр нь “Улсын аварга болвол ах нь чамайг цалинжуулна” гэсэн амлалт. П.Орхон маань ч улсын аварга болсон. Тэр цагаас хойш би дэргэдээсээ салгаагүй. Сая нэг сараас хойш бид долоон тэмцээнд орж, зургаан алтан медаль авсан. Энэ хугацаанд дахиад би П.Орхондоо амжилтыг нь урамшуулах амлалт өгсөн. Наадмын дараа үндэсний бөхчүүд байр, машин гээд олон бай шагнал авдаг. Дэлхийд өрсөлддөг энэ хэд маань харин хоосон үлддэг. Тийм болохоор дүүгээ Дэлхийн аварга болоод ирвэл унах унааг нь бэлдэнэ ээ гэж амласан маань өнөөдөр биеллээ олж байна. Мөн өнөөдөр П.Орхоны харьяалагддаг “Аваргууд академи”-ийн дасгалжуулагч, шавиа гарыг нь ганзганд, хөлийг нь дөрөөнд, алдрыг нь дэлхийд хүргэж өгсөн, Гавьяат тамирчин Ц.Цогтбаярт Хан-Уул дүүрэгт ашиглалтад орсон шинэ хороололд хоёр өрөө байр өгөхөөр болж байна. Багш, шавь хоёроо баярлуулж байгаадаа бид өөрсдөө туйлаас их баяртай байна” гэв.