УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр хуралдах байсан ч МАН-ын бүлгээс завсарлага авлаа. Ингэхдээ Тусгай хяналтын дэд хороог хуралдах хүртэл тодорхойгүй хугацаанд завсарлага авсан юм. Харин яг одоо Тусгай хяналтын дэд хорооны гишүүд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын тавьсан хүсэлттэй танилцаж байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 'Шадар сайдыг тагнасан, чагнасан асуудлыг тодорхой болгохыг хүссэн' юм. Материалтай танилцсаны дараа Тусгай хяналтын дэд хороо хуралдах эсэхийг шийдвэрлэх юм байна. Тусгай хяналтын дэд хороо нь төрийн нууцын хадгалалт, хамгаалалт, тагнуул болон гүйцэтгэх ажлын талаарх хууль тогтоомжийн биелэлт, улсын хил хамгаалалт, төрийн тусгай хамгаалалтын асуудлыг эрхэлдэг. Тус дэд хороо нь 5 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд намын бүлгийн саналын дагуу УИХ-ын гишүүн С.Батболд ахалж, Г.Занданшатар, Я.Санжмятав, Д.Цогтбаатар, Н.Энхболд нарын гишүүд багтдаг юм.