Засгийн газрыг огцруулах асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцсэн ч Шадар сайдыг тагнаж чагнасан гэх асуудлаар Тусгай хяналтын дэд хороог хуралдуулах ёстой гэж үзсэн МАН-ын бүлгийн шаардлагаар түр завсарлалаа. Тэгвэл чуулганы хуралдаанаас гарч ирсний дараа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэдээлэл өглөө. Тэрбээр, “Засгийн газрыг огцруулах асуудлыг яг одоо хэлэлцэж байна. Намайг огцруулах үндэслэлийг та бүхэн мэдэж байгаа даа. Ардын хүүхдийг алагчлахгүй хүүхдийн мөнгө олгох ёстой гэсэн шийдвэр гаргасны төлөө огцруулна гэсэн. Концесс гэж нэг зүйл яриад байгаа. Энэ бол өмнөх Засгийн газрын үед хийгдсэн. Төсөвт өртгийг нь хямдруулж, хугацааг нь сунгаж гэрээ байгуулсны төлөө буруу байна гэж үзээд огцруулахаар шийдсэн. Шаардлагатай бол надад итгэл үзүүлэх эсэх асуудлыг гаргаж тавиад,шаардлагатай бол бид өөрсдийн хийсэн ажлын талаар тайлагнахад бэлэн байна. Би Ерөнхий сайдаас огцрох өргөдлөө өгөөгүй. Дэд хороо энэ асуудлыг яаралтай хэлэлцэх байлгүй дээ. Тэгж байж асуудал цаашаа явна шүү дээ” хэмээлээ.