Мэлхийт хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Нийслэлийн тугийг мандууллаа

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 384 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн үе үеийн удирдлагууд, НИТХ-ын төлөөлөгчид, иргэд нийслэлийн анхны шав тавьсан Мэлхийт хөшөө, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, сүлдэт хуур цэнгүүллээ.

Мөн Сүхбаатарын талбайд Төрийн далбаа, Нийслэлийн тугийг мандуулж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв.

Одоогоос 384 жилийн тэртээ 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Их Монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөн өргөө байгуулан өгснөөр Монгол Улсын нийслэлийн үүслийг тавьсан түүхтэй. Тэр цагаас хойш 28 удаа бууриа сэлгэж, 1778 онд Богдхан уулын ар, хатан Туулын хөвөө, сэрүүн Сэлбийн дэнж, Хүн чулууны хонхорт суурьшихдаа нүүдэллэн ирсний тэмдэг болгож “Хүн чулуун хөшөө”-гөөр шав тавьжээ. Энэхүү түүхэн үйл явдлыг мөнхжүүлэх, хойч үедээ таниулан сурталчлах зорилгоор тус шав тавьсан газрын хойд хэсэгт 1994 онд дурсгалын Мэлхийт хөшөөг босгож, нийслэлийнхээ ойгоор хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай болсон юм.