Нийслэлийн онцгой комисс /НОК/ халиа тошингийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хуралдлаа. Өнөөдрийн байдлаар Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хөрсний ус гарч, халиа тошин үүсэн, айл өрх, хашаа байшин, гудамж, авто замд мөс тогтож, халтиргаа гулгаа үүсээд байна.
Өнгөрсөн онд сүүлийн 30 жилийн дунджаас их хэмжээний хур тунадас орсон. Мөн огцом хүйтэрч, эсвэл дулаарах зэргээр цаг агаарын хэм хэлбэлзэж байгаа нь халиа тошин үүсэх, цаашлаад шар усны үер болох эрсдэлийг бий болгож байгааг албаныхан хэлж байлаа.
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн ерөнхий инженер Б.Жаргалан:
-Өнгөрсөн долоо, наймдугаар сард олон жилийн дунджаас их хэмжээний хур тунадас орсон. Олон жилийн дундаж гэдэг бол сүүлийн 30 жилийн харьцуулсан үзүүлэлт. Өнгөрсөн зун болон энэ өвлийн хур тунадас орох ёстой хэмжээнээс 100-120 хувиар илүү байгаа гэх мэдээлэл бий. Мөн огцом хүйтэрч, эсвэл дулаарах зэргээр цаг агаарын хэм хэлбэлзэж байсан. Тухайлбал, дулаарахдаа олон жилийн дунджаас 15-20 хэмээр дулаарч, хүйтрэхдээ 10-15 хэм хүйтэрдэг онцлог жил байлаа. Арванхоёрдугаар сард хэт хүйтрэл олон хоног үргэлжилж, олон жилийн дунджаас хүйтэн байсан. Энэ өвөл Улаанбаатар хотод хасах 42 хэм хүрч хүйтэрсэн. Хоёрдугаар сард нийслэл орчмоор олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас их орох төлөвтэй байна. Улаанбаатар хот орчмоор томоохон гол мөрний мөсний зузааны хэмжээ 40-120 см байна” гэлээ.
Цаг агаарын хэт хүйтрэл нь зам дээр цацсан давс, бодисын нөлөөг бууруулж байсныг мөн албаныхан онцолж байв.
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Гадаргын ус судлалын хэлтсийн ерөнхий инженер Э.Батбаяр “Шар усны үер болоход орсон цасны хэмжээ, цаг агаарын огцом дулаарал нөлөөлдөг. Олон жилийн дунджаар өдийд Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 50 хувь нь цасан бүрхүүлтэй байдаг байсан бол энэ жил 80 орчим хувьтай байна. Энэ нь эрсдэлийг нэмэгдүүлж байгаа. Хур тунадас их орсонтой холбоотойгоор гадаргын усны хэмжээ нэмэгдсэн” гэв.
Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Л.Ариунтуяа:
-Улаанбаатар хотын хэмжээнд үерийн хамгаалалтын 161 км далан, авто замын борооны ус зайлуулах 209 км шугам сүлжээ бий. Мөн 45 мониторингийн цооног, нэг насост станц, 12 насост худаг байдаг бөгөөд эдгээр нь хөрсний усны түвшнийг хэмждэг. Өнгөрсөн онд орсон борооны улмаас хөрсний ус 2-3 дахин нэмэгдсэн. Үерийн хамгаалалтын барилга байгууламжийн насжилт хэтэрсэн. 60 хувь буюу 100 км орчим нь 1966-1990 онд, 31 хувь буюу 50 км нь 1987-2018 онд, үлдсэн барилга байгууламжууд нь 2019 оноос хойш баригдсан бөгөөд есөн хувийг эзэлж байна. 2020-2023 онд тогтмол 19 байршилд халиа тошин гарч байна. Бид тухай бүр шаардлагатай арга хэмжээг авч ажилладаг.
Манайх 35 техник, тоног төхөөрөмжтэйгөөс 70 орчим хувь нь эвдрэлтэй байна. 50 хүн ажилладаг бөгөөд хүн хүч, машин техник маш дутагдалтай байгаа. Цаашид үерийн хамгаалалтын барилга байгууламжийн хяналт шинжилгээний төв, ул хөрсний усны түвшин бууруулах байгууламж байгуулах, мөн шаардлагатай санхүүжилтийг шийдэх хэрэгтэй байна хэмээн ярилаа.
Холбогдох байгууллагуудын мэдээллийг сонссоны дараа НОК-ын дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Шар усны үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүн хүч, техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангах шаардлагатай байна. Цаашлаад өнгөрсөн зуных шиг үер болохыг үгүйсгэх аргагүй юм. Иймд үерийн эрсдэлийг бууруулах, Сэлбэ голын лаг хагшаасыг цэвэрлэх, хэрэгцээтэй газруудад бетонон далан хийх хэрэгтэй” гэв.
Мөн цаашид авах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, усны барилга, байгууламжийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, гүний ус зайлуулах томоохон суурин насосыг гурван байршилд байгуулахаар судалж,танилцуулах, шаардлагатай арга хэмжээг авахыг холбогдох алба тушаалтнуудад үүрэг болголоо. Түүнчлэн дүүргийн онцгой комиссууд хуралдсаны дараа НОК дахин хуралдахаар болов.