Өдөр бүрийн хичээл, зүтгэл маш том амжилтын цуглуулга гэж ойлгож, хичээж байгаа

Хүсэл, мөрөөдлийнхөө төлөө  хөдөлмөрлөж, тэмцэж, үр дүнгээ хүртэж, алдаа оноогоо дэнсэлж,  цаашлаад түүнээсээ урам зориг авч амьдрах сайхан. Онцгойн залуусын дундаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит Марш тусгай бэлтгэлийн тэмцээнийг ахалж орсон залуу хүнийхээ эрч хүч, тэмүүллээр дүүрэн зүтгэх эрхэм ахлах дэслэгч Амарбаярын Нямбаярыг энэ удаагийн “Nematimes” буланд онцолж байна. Тэрбээр Завхан аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтэст ангиллын сургалт, сурталчилгаа урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтнээр ажилладаг юм.

- Монгол орны хамгийн хүйтэн цэг гэж нэрлэгддэг Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрж, хасах 40, 50 хэм хүрдэг хонхорт ус зөөж, түлээ хагалж, бусдын адилаар бага нас минь өнгөрсөн. Би  эцэг, эхээсээ хоёулаа.  Би аавынхаа залгамж халаа болж, их үйлсийг нь үргэлжүүлэхээр Онцгой байдлын албыг сонгон суралцаж, мэргэжлээрээ ажиллаж байна. Аав минь насаараа энэ албанд хоёргүй сэтгэлээр зүтгэсэн жолооч хүн. Тиймээс албаны сайхан бүхнийг багаасаа л мэдэрч өссөн. Арван жилийн сургуулиа төгсөөд 2017 онд ДХИС-ийн Онцгой байдлын сургуульд элсэн суралцаж, 2021 онд “Гамшгаас хамгаалах алба мэргэжил”-ийг эзэмшсэн. Өөрийн төрж, өссөн сумаасаа ажлын гараагаа эхлүүлж, үүрэг гүйцэтгэж байна.  

-Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтэс нь баруун таван аймгийн анхны Гал түймэр унтраах, аврах анги гэдгээрээ онцлогтой. Ийм л түүхтэй ангидаа салааны захирагчаар ажлын гараагаа эхлүүлж, ах нарын туршлага, хамт олныхоо дэмжлэгээр олон ч дуудлагаар үүрэг гүйцэтгэсэн. Нутаг, орны онцлогоос шалтгаалан алба хаагч, аврагч биднээс тэсвэр тэвчээр, чадвар гээд маш олон зүйлийг байгалийн хүчин зүйлс өөрөө давхар шаарддаг. Иргэд автомашинтайгаа цасанд суух, малдаа яваад төөрөх, зам тээврийн болоод усны осол гээд бүхий л дуудлагаар бүсийн сумын хэмжээнд ажилладаг. Мэргэжилтэн болсноор ард иргэдэд анхааруулга, сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэх, сургалт дадлага зохион байгуулах гээд урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байна.

-Онцгой байдлын албанд орсноосоо хойш цэрэгжлийн спортоор хичээллэж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн нэрэмжит “Марш тусгай бэлтгэлийн цогцолбор” тэмцээнд 2022, 2024 онд хоёр удаа Онцгой байдлын байгууллагаа төлөөлөн оролцсон багаа ахлан оролцож, мөнгө, хүрэл медалийн эзэн боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит Марш тусгай бэлтгэлийн тэмцээн бол Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын шилдгийн шилдгүүд хурд, хүч, тэсвэр, тэвчээр, авхаалж самбаагаа соридог 2 жилд нэг удаа болдог наадамд надад итгэл хүлээлгэн баг ахлан оролцох боломжийг олгосон ОБЕГ-ын удирдлагууд болон дэд хурандаа Г.Цоггэрэл багшдаа үргэлж талархаж явдаг. Тухайн үед бүх салааны захирагч нараас илүү буудлага хийж, 11 сумыг бүгдийг нь оносон минь буудлагын спортоор хичээллэх “шагнал” болж ирсэн байж болох юм.

-Практик буудлагын спорт бол холч ухаан, хараа, тэвчээр гээд олон зүйлийг шаарддаг. Хичээллээд удаагүй байгаа ч 2022 онд Монголын практик буудлагын холбооноос зохион байгуулсан  улсын аварга шалгаруулах гар бууны төрөлд гутгаар байрыг эзэлж, хүрэл медаль хүртсэн. Тэмцээн болох дөхүүлээд бэлтгэл, сургуулилтаа хийж, бие бялдар, сэтгэлзүйгээ бэлтгэнэ. Өдөр бүрийн хичээл, зүтгэл маш том амжилтын цуглуулга гэж ойлгож, хичээж байгаа.  

- Онцгой албаны залгамж халаа болох олон залуусын ирээдүйг өнөөдрийн бид бүтээж байна. Тийм учраас мэдэхгүй, чадахгүй зүйлээ сурч, уйгагүй хөдөлмөрлөж, мөр зэрэгцэн ажиллаж байгаа олон залуустаа үлгэр дууриалал болох юмсан гэж хичээдэг.

-Чөлөөт цагаараа дуу сонсонгоо ууланд алхах дуртай. Сагсаг бөмбөг тоглохоос хэзээ ч буцахгүй. Сүүлийн үед хол, ойрын зайнд гүйж, өмнөх амжилтаа ахиулахын төлөө хичээж байна. Ажил, албаны холбогдолтой ном уншихыг илүүд үздэг. Мөн хувь хүний хөгжил, зөгнөлт уран зохиол гээд бүх төрлийн номын “хорхойтон”.

-“Бие боол, ухаан ноён” гэдэг үгийг хэлэх дуртай.  Мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж байгаа үе, үеийн бахархалт ажилтан, алба хаагч та бүхэндээ Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндийг дэвшүүлье.