Сургуулийн нийгмийн ажилтны цалинг багш нарынхтай адил нэмэхийг шаардав

Монголын сурагчдын холбоо, Монголын эцэг эхчүүдийн холбооноос хамтран багш нарын ажил, хаялт болон цалин нэмэхтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

Эдгээр холбооны зүгээс багш нарын цалинг нэмэх шаардлагыг хүүхдийн байгууллагын хувьд бүрэн дэмжиж байгаа ч сургуулийн нийгмийн ажилтныг дурдахгүй байгаад сэтгэл дундуур буйгаа илэрхийлэв.

Монголын сурагчдын холбооны тэргүүн О.Сэлэнгэ, “Сургуулийн нийгмийн ажилтан гэхэд 1000 гаруй хүүхдийн хөгжил, оролцоо, хамгааллыг бий болгохын төлөө ажилладаг. Хүүхдийн сургалт хүмүүжилд чухал нөлөөтэй нийгмийн ажилтнуудын цалин багш нарынхаас бага, ачаалалтай ажилладаг ч зуны амралт нь бага байдаг. Тухайн сургуулийн хүмүүжлийн асуудлыг тодорхойлж, цаашид засч залруулах ажлыг хийдэг чухал үүрэгтэй ажилтнуудын цалин багш нарынхаас илүү байх хэрэгтэй. Монгол Улс уул уурхайгаараа дэлхийд тэргүүлэх улс орны нэг. Тиймээс боловсролын салбарын 40-өөд мянган хүний цалинг шийдэх бүрэн боломжтой гэж үзэж байна” гэв.

Монголын эцэг эхчүүдийн холбооны тэргүүн Б.Алтанжолоо, “Боловсрол мэдлэгт тулгуурлаж улс орон хөгждөг. Хамгийн түрүүнд бид боловсролын салбараа өөд нь татмаар байна. Багш хүний нийгмийн асуудал гэдэг улс орны хөгжилтэй шууд холбоотой. Тиймээс Засгийн газар, холбогдох байгууллагууд хүүхдийн хөгжил төлөвшлийн төлөө санаа тавьж, багшийн цалин нэмэх асуудалд онцгой анхаарахыг хүсч байна” гэв.