"Дэлхийн ур чадвар”-ын 44 дэх удаагийн тэмцээн Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотод энэ сарын 14-19-ний өдрүүдэд болох гэж байна. Тус тэмцээнд манай улс мужаан, өрөг угсралт, гагнуур, цахилгаан, сантехник, тогооч зэрэг зургаан мэргэжлээр оролцоно.
Гурван үе шаттайгаар мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, политехник, коллежийн суралцагчдын дунд зохион байгуулсан тэмцээнээс зургаан оролцогч үндэсний аварга болж, эх орноо төлөөлөн олон улсын тэмцээнд оролцох эрхээ авсан юм.
Бразил Улсын Сан Пауло хотноо 2015 онд болсон “Дэлхийн ур чадвар”-ын 43 дэх удаагийн тэмцээнд манай улс есөн мэргэжлээр анх удаа оролцож, багийн дүнгээр 60 орноос 42 дугаар байр эзэлж байсан бол АНЭУ-ын Абу Даби хотод болох тэмцээнд Монгол Улс 2015 оны амжилтаа ахиулах зорилттойгоор бэлтгэлээ хангаж байна.