Узбекстаны нийслэл Ташкент хотноо жүдо бөхийн Гран при тэмцээн өчигдөр эхэллээ. Тус тэмцээнд 15 орны 139 тамирчин оролцож байгаа бөгөөд манай улсаас найман жүдоч хүч үзэж байна.
Тэмцээний эхний өдөр эрэгтэй 60, 66, эмэгтэй 48, 52, 57 кг-ын жингийн барилдаанууд явагдаж, медалийн эзэд тодорлоо. Манай жүдочдоос эдгээр жинд нийтдээ зургаан бөх барилдсанаас гурав нь медаль хүртэв. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд МУГТ М.Уранцэцэг алтан медаль, эрэгтэйчүүдийн 66 кг-д ОУХМ Г.Хэрлэн мөнгөн медаль, мөн энэ жинд ОУХМ Д.Алтансүх хүрэл медаль тус тус хүртжээ.
Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг ОХУ, Унгарын бөхчүүдийг дараалан цэвэр ялсан. Улмаар аваргын төлөө Сербийн Милица Николичийг иппон үнэлгээгээр буулган авснаар Гран При ангиллын тэмцээнээс медаль хүртлээ.
Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Г.Хэрлэн эхний тойрогт Узбекстаны Азамат Матякубовыг хоёр вазаригаар, хэсгийн аваргын төлөө Словений Андраз Жеребийг вазаригаар, хагас шигшээд Кыргызстаны Артур Тэг даралтаар цэвэр ялсан. Ингээд аваргын төлөөх барилдаанд Беларусийн Дмитрий Минкод ялагдсанаар мөнгөн медаль дээр буулаа.
Мөн энэ жинд ОУХМ Д.Алтансүх эхний тойрогт Азербайжаны бөхийг ялсан ч дараагийн тойрогт Узбекистаны Сардор Нурилаевт нэмэлт цагт ялагдсан. Улмаар дагах барилдаанд Бельгийн бөхийг ялснаар медалийн төлөө барилдах эрхтэй болсон. Ингээд хүрлийн төлөөх барилдаанд Кыргызстаны Артур Тэг ялснаар медаль дээр буулаа.