ЭМЯ-ны хүсэлтээр 175.000 хүн/тун улирлын томуугийн эсрэг вакциныг хандивлаж байгаа АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төв, “Даян дэлхийн эрүүл мэнд” олон улсын байгууллагын зөвлөх мэргэжилтнүүдтэй уулзалт хийлээ.
Улирлын томуугийн эсрэг хандивын вакцины эхний ээлж болох 50.000 хүн/тун вакциныг хүлээн авч, Эрүүл мэндийн сайдын тушаалаар эрсдэлт бүлгийн хүн амыг үнэ төлбөргүй дархлаажуулж байгаа талаар ярилцлаа.
ЭМЯ-ны зүгээс дараагийн ээлжийн 125.000 хүн/тун вакциныг энэ сард багтаан ирүүлэхийг хүслээ. Зөвлөх мэргэжилтнүүд хүн амын дундах эргэлтэд байгаа улирлын томуугийн үүсгэгчийн хэвшинжээс шалтгаалан вакцин үйлдвэрлэлээс оройтож гарч байгаа талаар тайлбар хийв.
Мөн НҮБ-ын Хүүхдийн санд захиалсан улирлын томуугийн 45.000 хүн/тун вакциныг энэ сарын 23-нд хүлээн авч, бага насны хүүхдийг дархлаажуулна.