УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Төсвийн байнгын хороогоор Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байгаатай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлж байна. Харин УИХ-ын гишүүн УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат анхаарал татсан асуудлыг хөндлөө. Тэрбээр "Шинэ Засгийн газрын оруулж ирж байгаа төслийн харж байхад шинэ Сангийн сайд төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлж чадахгүй юм байна. ОУВС-тай хийсэн хэлэлцээр буюу цалин царцаасан гэдэг энэ сонин зүйлээ2018 онд цэгцлэх юм уу. Энэ асуудал дээр төр өөрийн гэсэн бодлоготой байх ёстой эсэх дээр надаа нэг хариулт өгөөч. Цаашдаа бид үүнийг шаардах болно. Дараагийн асуудал би нэг сонин юм сонслоо. ЖДҮ-ийн санд 72.5 тэрбум төгрөгийг тусгаад, нэг гишүүнд тэрбум гэж тооцож байгаа гэх юм. Энэ юу яриад байгааг би ойлгохгүй байна. Энэ хаанахын ямар тохиролцоо төсөв ороод ирэв. Ийм юм байж болохгүй. ЖДҮ-ийн сан чинь олон ажлын байрыг бий болгодог тусдаа сан. Гэтэл төрийн эрх баригчид нийлээд тэрбум, тэрбумаар нь хуваагаад, төсөвт тодотгол маягаар оруулж ирнэ гэдэг хэний санаа юм. Хэн хариуцлага хүлээх вэ гэдэг дээр тайлбар өгөөч.