Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, төлбөрөө төлөөгүй жолооч нарыг энэ сарын 20-ноос эхлэн автозамын хөдөлгөөнд оролцуулахгүй болсон талаар Нийслэлийн Татварын газар, Замын цагдаагийн албанаас мэдээлэв.
Татвар төлөөгүй жолооч болон тээврийн хэрэгслийн жагсаалтыг www.smartcar.mn цахим хуудсанд байршуулжээ.
Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 7.1-д заасан тогтоосон хугацаанд албан татвараа төлөөгүй бол Зөрчлийн тухай хуулийн 7.5.1, 11.19.14-т заасны дагуу торгох юм. Та бүхэнд хуулийн заалтын дэлгэрэнгүйг хүргэж байна.
Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль
7.1 дүгээр заалт: Хувь хүн нь авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн 6 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө харьяалах татварын албанд төлнө. Хэрэв 6 дугаар сарын 1-нээс хойш авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг импортоор оруулж ирсэн бол харьяалах татварын албанд тухайн жилдээ багтаан үлдсэн хугацаанд ногдох татварыг төлнө.
Зөрчлийн тухай хууль
7.5.1 дүгээр заалт: Агаар бохирдуулсны нөхөн төлбөрөө төлөөгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
11.19.14 дүгээр заалт: Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол төлбөл зохих татварыг нөхөн төлүүлж, хүнийг нөхөн төлүүлэх татварын 10 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.