УИХ-ын гишүүн Ж.Батзандангаас зарим асуудлаар хариулт авлаа.
-Д.Эрдэнэбат даргын өрөөнд та эхлээд “ална” гэж хэлсэн юм биш үү?
-Б.Хурц гэж хүнийг Өмнөд Солонгост элчин сайдаар томилохтой холбоотой нийтийн сонсгол явуулахыг дэмжсэн гишүүдийн тоо эрс нэмэгдэж байна. АН-ын бүлэг энэ долоо хоногт Б.Хурцын томилгоотой холбоотой нийтийн сонсгол хийх нь зөв гэж үзлээ. Ингэснээр гишүүдийн тоо 30 гарлаа. Манай цензуртэй байгууллагын дарга цензургүй ярианд орохдоо хэд хэдэн ноцтой, “но”-той худал гүтгэлэг тараалаа. Ж.Батзандангийн нэг ах Болгар луу нэг сая ам.доллар шилжүүлсэн нь тогтоогдлоо гэсэн.
Гэтэл би шалгаж үзлээ. Тийм зүйл алга. Өнгөрсөн жил “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь яригдаж, түүнийг нь Б.Хурц хамгаалж үлдэхийн тулд ордоноор сандарч гүйсэн. “Энэ бол зөв зүйл болсон. Та дуугүй байгаач, Ц.Нямдоржоос хол байгаач” гэж явж байхдаа миний ахыг АТГ-ын үүдэнд бүтэн өдөр суулгасан юм билээ. Төрийн өмчийн хороонд ажиллаж байсан нэг ах нь нэг өрөө байр булааж авсан гэж ярилаа. Төрийн өмчийн хороонд миний нэг ах 1990 хэдэн онд ажиллаж байснаас өөр асуудал алга. Тийм хэрэг ч байхгүй юм билээ. Ж.Батзанданг бөлдөгдсөн гэдэг нь энэ бололтой. Улаан цайм хүн гүтгэдэг нэг генералтай боллоо.
Генерал Б.Хурц улстөрчдийг айлгадаг, хувийн архивтай баахан гэмт хэргийн материал цуглуулчихаад түүнийгээ Солонгос руу авч явахыг хүссэн бололтой. Энэ баримтуудаа цагдаа руу шилжүүл, АТГ-т өг. Д.Эрдэнэбат даргын өрөөнд юу болсон талаар Б.Хурц бас худлаа зүйл ярьсан. Би хуульч хүн. Хуулийн мэргэжил эзэмшээд 10 гаруй жил болж байна. Миний амнаас ална гэсэн үг хэзээ ч гарч байгаагүй. Хар цүнх барьчихаад жүжиг тавьж явна.
Энэ жүжигчнийг нээлттэй сонсгол хийж баримт нотолгоог нь гаргаж тавина. Батын Хурцыг би цагдаад шалгуулахаар тавьсан байгаа. Бүлгийн дарга биднийг эвлэр гэсэн. Б.Хурц 2020 онд манай намаас нэр дэвших гэж байгаа. Энэ хүнийг дэмж гэдэг шаардлага тавьсан. Би Хурцыг гэмт хэргийн материалуудаа ил болго гэж л хүссэн. Нөхрийн ёсоор гуян дээр нь гараа тавьж мэндчилсэн.
-Танай нам дотор мөн л зөрчил үүссэн гэсэн үг үү. Таныг Ц.Нямдоржийн талд ордог гэх юм?
-Би нэг зүйл хэлье. УИХ-д 76 гишүүн байдаг. Гэтэл Лу.Болд, Ц.Нямдорж, Ж.Батзандан гэж гурван муу хүн байгаа гэсэн. Б.Хурц бол хүнийг нүдэн дээр нь гүтгэдэг, гэмт хэрэг зохиож ярьдаг, хов баздаг, хөгшин авгай шиг л хүн. Би Ц.Нямдоржтой би хоёр зүйлд нэгддэг. Нэг нь Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь, нөгөө нь Асгатын мөнгөний орд. Монгол-Росцветментийн мэдэлд байсан 20 гаруй орд ХХБ-нд шилжсэн. Эрдэнэтийн 49 хувийг ХХБ-нд авч өгсөн хүн гэдгээ өөрөө хэлсэн. Төрийн хүн хувийн компанид үйлчилж болдоггүй юм.
-Монгол Улсын эрх ашгийн төлөө авч өгсөн гэсэн шүү дээ?
-Тагнуулын дарга хүн Монгол Улсын эрх ашигтай холбоотой асуудлыг Засгийн газарт хэлэх ёстой. Хувийн компанид биш. Давуу эрх авч өгсөн хүн нь би гэдгээ ярилцлагаараа хүлээн зөвшөөрсөн. Үүнийг шалгах ёстой.
-Та нар өөр өөр зүйл яриад байна. Нэгдэж суугаад яриач?
-Тэд худлаа зүйл яриад байгаа учраас залруулахаас өөр арга алга. Юм ил тод байхдаа сайхан. Б.Хурц, Д.Эрдэнэбат нар өөрийнхөө реакцыг үзүүлэх байх.
-Төрийн хамгаалалтад орсон уу?
-Төрийн хамгаалалтад олон янзаар авдаг. Алсаас авдаг. Гэхдээ нууц учраас ярьж болохгүй байна.
-Та ганцаараа ингэж зүтгээд байгаа шалтгаан юу юм ?
-Д.Энхбатын гэр бүлээс уучлалт гуй гэж хүссэн. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн асуудлыг шийдэхгүй юм уу. С.Зоригийн хэргийг ил тод болгож өгөөч гэж гуйсан. Гэтэл захиалгат аллага гэж ял өгсөн. Тэгсэн атлаа захиалагчийг зарлаагүй. Мөн Б.Хурцын эхнэр “Сарнайх” салоныхоо барааг өчнөөн жил МИАТ компаниар зөөлгөлөө. Үүнийгээ ил болгох ёстой. МИАТ-ийн захирлыг Б.Хурц томилсон. Энэ компани дампуурч байна. Д.Цогтбаатарын гэр бүлээс ирсэн гомдол байна. Б.Хурцын эхнэрийн хамаатан ШШГЕГ-ын даргаар очоод Д.Цогтбаатарын гэр бүлийг дарамталсан гэж хэлсэн.