Д.Эрдэнэбат: Амлалтаасаа ухарсан эрх баригчдад гүн эмгэнэл илэрхийлье

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2018.05.30/ хуралдаанаар Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцэв. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат "Нэгдүгээрт, Монгол Улсад баян айлын хүүхэд ядуу айлын хүүхэд гэж ялгавар байх ёсгүй. Харин энэ ялгаврыг эрх баригчид онцгой нөхцөлөөр бий болгож байна гэдгээ анхаараарай. Хоёрдугаарт, Эрх баригчид хүүхдийн мөнгөний тухайд амлалтаасаа том ухарч улс төр хийлээ. Хэрвээ улс төр биш гэж байгаа бол 2019 оны төсөвт хүүхдийн мөнгийг бүрэн олгох тухай асуудлыг Засгийн газар оруулж ирээрэй. Гуравдугаарт, Хүүхдийн мөнгөний ажлын хэсэгт өгсөн Засгийн газрын хариултыг харахаар Монгол Улс тусгаар тогтнолоо алдсан. Учир нь хүүхдүүдийн 20 хувьд өгөх мөнгийг гадны байгууллагын шахалтаар өгөөгүй гэдэг тайлбар чинь өнөөдөр цагаан дээр хараар бичээстэй байгаа шүү. Дөрөвдүгээрт, Төсвийн хууль зөрчигдсөн. Хүүхдийн мөнгөний болон татварын зөрүүгээр Төсвийн хууль зөрчигдсөн. Гэтэл Засгийн газар төсвийн тодотгол оруулж ирэхгүй байгаа нь хуулийн том зөрчил болж байна. Төсвийн хуулийн зөрчлийг асуудлыг Төсвийн байнгын хороо Б.Чойжилсүрэн дарга анхааралдаа аваарай. Төсвийн тодотгол зайлшгүй хийх ёстой. Хэрвээ хийхгүй бол таны асуудал ч хөндөгдөх болно гэдгийг хэлье. Хүүхдийн мөнгөний асуудал Үндсэн хуулийн зөрчил рүү орлоо гэдгийг ард түмэн хэлж байгаа. Тиймээс Үндсэн хуулийн ялгаварлан гадуурхалын асуудлаар асуудал үүснэ шүү гэдгийг та бүгд санаарай. Хүүхдийн мөнгийг ялгаварлан олгохыг дэмжсэн улс төрчдийн нэрсийг би маргааш олон нийтэд зарлана гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Амлалтаасаа ухарсан эрх баригчдад гүн эмгэнэл илэрхийлье" хэмээлээ. 

Видео: