Унгар улстай түүх, археологи, соёлын өвийн салбарт хамтран ажиллах талаар санал солилцов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Унгар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Борбала Обрушанскиг энэ сарын 25-нд хүлээн авч уулзан, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Уулзалтын эхэнд сайд Б.Батцэцэг вакцинжуулалтын явц, Засгийн газрын зорилт, үйл ажиллагаа, цар тахалтай тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын талаар танилцуулав. Мөн Сонгино дахь “Биокомбинат” УТҮГ-ыг шинэчлэх төслийг хугацаанд нь хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар онцгойлон анхаарч байгааг сайд Б.Батцэцэг тэмдэглэв.

Уулзалтаар талууд Монгол, Унгарын соёлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, энэ хүрээнд кино үйлдвэр, түүх, археологи, соёлын өвийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов. Мөн НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагааг идэвхжүүлэх, олон улсын байгууллагын сонгуульд харилцан дэмжлэг үзүүлэх асуудлаар талууд ярилцлаа.