ДУНДГОВЬ аймагт ”МонПЭН САНААЧИЛГА”-ын хүрээнд ХБӨ/Зүрх судасны өвчнөөс сэргийлэх, хянах нэн шаардлагатай тусламж үйлчилгээний багц (PEN/HEARTS)-ыг эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд хэрэгжүүлэх, нэвтрүүлэх 4 өдрийн цогц арга зүйн сургалтыг 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр амжилттай эхлүүллээ.
Сургалтын үйл ажиллагаанд: Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Од-Эрдэнэ, Эрүүл мэндийн газрын дарга Б.Алтантөгс, Нэгдсэн эмнэлгийн дарга Х.Жаргал, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын Эмнэлгийн тусламжийн чанар аюулгүй байдлын хэлтсийн дарга С.Энхцолмон, Нийтийн эрүүл мэндийн газрын Урьдчилан сэргийлэлт, хяналт, зохицуулалтын хэлтсийн ахлах шинжээч Б.Туяа, НЭМҮТ-ийн ЭМДӨУСА-ны дарга С.Гэрэлмаа, Г.Хулан, Б.Бүжидмаа, ХСА-ны З.Цолмон, ДЭМБ-ийн Зөвлөх Г.Цэцэгдарь, АШУҮИС-ийн Зүрх судлалын тэнхимийн эрхлэгч Ө.Цолмон, Дотоод шүүрэл тэнхимийн ахлах багш Б.Оюунтөгс, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн мэдээллийн технологич Ганчөдөр овогтой Батнасторон нутгийн ЭМГ-ын мэргэжилтнүүд болон Сум, өрхийн ЭМТ-ийн эмч, мэргэжилтнүүд оролцож байна.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Тогтвортой хөгжлийн зорилт” 2030-д “Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх, хянах” замаар ХБӨ-өөс үүдэлтэй цаг бусаар нас баралтыг 2025 он гэхэд 25 хувиар бууруулах, Монгол Улсын “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д ЗСӨ-нөөс шалтгаалсан нас баралтыг 10.000 хүн амд 2025 онд 16, 2030 онд 14 болгох зорилт, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 289 дүгээр тогтоолоор батлагдсан Халдварт бус өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөрт ЭМАШТҮ-нд ДЭМБ-ын ХБӨ/ЗСӨ-ий урьдчилан сэргийлэлт, хяналтын нэн шаардлагатай тусламж, үйлчилгээний багц (PEN)-ыг нэвтрүүлж, хүн амд зөвлөгөө өгөх арга хэмжээг өргөжүүлэх”-ийг тус тус заасан.
Монгол Улсын Засгийн газар 2019-2020 онд Дархан-Уул аймаг, СХД-ийн 16 сум, өрхийн ЭМТ-ийн үйл ажиллагаанд ДЭМБ-ын ХБӨ/ЗСӨ-ий урьдчилан сэргийлэлт, хяналтын нэн шаардлагатай тусламж, үйлчилгээний багц (PEN/HEARTS)-ыг нэвтрүүлэх МонПЭН загвар төслийг хэрэгжүүлж, ХБӨ/ЗСӨ-ий эрсдэлд суурилсан менежментийн үйл ажиллагаа явуулснаар ХБӨ/ЗСӨ-ний хүндрэлгүй тохиолдлыг ЭМАШТҮ-ний түвшинд хянах хяналт сайжирсан үр дүн гарсан.
Энэ хүрээнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын “HeartCare” цахим функцыг цахим жорын програмд нэгтгэснээр ЗСӨ-ний 10 жилийн эрсдэлийг үнэлэх, артерийн даралт, глюкоз, холестерин зэрэг эрсдэлт хүчин зүйлсийн өөрчлөлтийг хянахад хялбар болж, ЭМАШТҮ-ний түвшинд ЗСӨ-ний эрсдэл, АГ, ЧШӨ-тэй иргэдийн хяналтын түвшин сайжирсан. Түүнчлэн, АГ, ЧШ-ийн хүндрэлгүй тохиолдлыг лавлагаа шатлалд шилжүүлэх тохиолдлын тоо буурч, загвар төсөл хэрэгжүүлсэн нэг жилийн хугацаанд тархины харвалтаас шалтгаалсан нас баралтын тоо Дархан-Уул аймагт 2.5 дахин, Сонгинохайрхан дүүрэгт 1.4 дахин буурсан амжилт үзүүлсэн юм.
2021 онд ЭМЯ-наас МонПЭН загвар төслийг МонПЭН санаачлага болгон өргөжүүлж, ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр 5 аймаг, дүүргийн өрхийн болон сум, тосгоны нийт 132 Эрүүл мэндийн төвд (Дорнод, Дундговь, Хөвсгөл, Завхан, Дархан-Уул, Нийслэлийн СХД) ДЭМБ-ын ХБӨ/ЗСӨ-ий урьдчилан сэргийлэлт, хяналтын нэн шаардлагатай тусламж, үйлчилгээний багц (PEN/HEARTS)-ыг нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн билээ.