Нийслэлийн Засаг дарга Газрын зөрчил арилгах арга хэмжээ авах Ажлын хэсэг байгуулах тухай захирамж гаргалаа. Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор тус Ажлын хэсгийг байгуулжээ. Ажлын хэсэг нийтийн эзэмшлийн газарт болон ашиглаж, эзэмшиж байгаа газраа дур мэдэн нэмэгдүүлж, зохих зөвшөөрөлгүй хашаа, хайс барьсан зөрчлийг арилгах, газар чөлөөлөх арга хэмжээг хариуцан зохион байгуулах юм.
Ажлын хэсгийн ахлагчаар Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ ажиллах бөгөөд Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Хотын стандарт, хяналтын газар, Хот тохижилтын газар зэрэг холбогдох 17 байгууллагын удирдлага, албан тушаалтнууд багтжээ. Ажлын хэсэг үйл ажиллагааны явц, үр дүнг 14 хоног тутам Нийслэлийн Засаг даргын шуурхай хуралдаанд танилцуулна.
Мөн захирамжаар харьяа дүүргийн нутаг дэвсгэрт явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, тохижилтын ажил гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх зорилгоор нийтийн эзэмшлийн газарт болон эзэмшиж, ашиглаж байгаа газраа дур мэдэн нэмэгдүүлж, зохих зөвшөөрөлгүйгээр хашаа, хайс барьсан зөрчлийг арилгах, газар чөлөөлөх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий дэд Ажлын хэсэг байгуулан ажиллуулахыг дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, цэцэрлэгт хүрээлэн, түүх, соёлын дурсгалт газар, инженерийн дэд бүтцийн барилга, зах зэрэг хашаа, хайс барихыг зөвшөөрсөн 16 төрлийн байгууллага байдаг. Энэ жагсаалтад багтаагүй барилгын гадна хашаа барих ёсгүй. Өөрөөр хэлбэл, оффис, орон сууц, хотхонууд бүгд хашаагаа буулгах шаардлагатай гэсэн үг. Зөвхөн Бага тойрууд л гэхэд зөвшөөрөлгүй 1779 хашаа, хайс байгаа бөгөөд ажлын хэсгийнхэн газрын зөрчил аргилгах арга хэмжээг маргаашаас хэрэгжүүлж эхлэх юм.