Э.Содномпэлжээ Паралимпын алт, мөнгө, хүрэл медальт Монголын анхны тамирчин боллоо

“Парис-2024” зуны 17 дугаар паралимпын наадам 10 дахь өдрөө үргэлжилж, 107 кг -ын жинд Паралимпын наадмын аварга, Дэлхийн аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э. Содномпилжээ мөнгөн медаль авлаа.

Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор пауэрлифтингийн хэвтээ шахалтын эрэгтэйчүүдийн 107 кг-ын жинд “Токио-2020” паралимпын наадмын аварга, “Рио-2016” паралимпын хүрэл медальт, дэлхийн дээд амжилтыг эзэмшигч тэрбээр цээжнээс 248 кг-ыг амжилттай шахсанаар тус медалийг хүртсэн юм. Ингэснээр зуны паралимпын наадмын алт, мөнгө, хүрэл медальтай Монголын анхны тамирчин болж байна.

”Парис-2024” паралимпын Монголын багийн сүүлийн тамирчин Э.Содномпилжээ нь ДАШТ-ий гурван алт, дөрвөн мөнгө, Дэлхийн цомын зургаан алтан медальт, Азийн наадмын хоёр алт, нэг мөнгөн медальт тамирчин билээ. Монгол Улсын баг энэ удаагийн паралимпын наадмаас нэг алт, гурван мөнгө, дөрвөн шагналт байрт орсон амжилтаар өндөрлүүлж байгааг Монголын Үндэсний Олимпын хороо мэдээлжээ.