Улаанбаатар Дулаан Сүлжээ/УБДС/ ТӨХК-иас дулааны шугам, тоноглолд засвар хийх хуваарь гаргалаа.
Засварыг тавдугаар сарын нэгнээс эхэлнэ. Дулааны шугамын засварын үеэр орон сууцны айл өрх, албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хэрэглээний халуун усыг тасалдаг. Тус компани "Энэ жил засварыг аль болох шахаж, богино хугацаанд хийнэ” гэж мэдээлжээ.
Тавдугаар сард халуун ус хязгаарлах байршлын хуваарийг хүргэж байна. Засварын үеэр 7-14 хоног халуун ус хязгаарлана.
Улаанбаатар хотын дулаан хангамжийг сайжруулах, шинэчлэн өргөтгөх хүрээнд Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Дэлхийн банкны санхүүжилтээр 2021 оноос 3, 4, 5, 8-р гол магистраль шугамыг үе шаттай өргөтгөн шинэчилж байгаа. Эдгээр шугамын насжилт хэтэрч өвлийн оргил ачааллыг даахгүй болсноос дулаан хангамж доголдох, тасалдах тохиолдол гарч байгаа тул 2025 он хүртэл зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэн бүрэн шинэчлэхээр болжээ.
2022-2023 оны өвлийн бэлтгэлийг хангах хүрээнд засвар үйлчилгээ, нягтын шахалт, туршилтыг гол магистраль шугамуудад хуваарийн дагуу хийхээр төлөвлөөд байна.
Шугам засварт зогсох хугацааг богино байхаар зохицуулж, шинээр солих, өргөтгөх шугамуудын ажлын эзлэхүүнээс хамаарч зогсох хугацаа өөр өөр байх юм.
Айл өрхийн хэрэглээний халуун усыг хязгаарлах хугацааг урьдчилан төлөвлөсний дагуу тухайн засвар хийхээс 7 хоногийн өмнө олон нийтийн сүлжээ, цахим хуудсаар мэдээлнэ. Мөн дэлгэрэнгүй мэдээллийг Улаанбаатар Дулаан сүлжээ компанийн шуурхай албаны 7004-7005 тоот утсаар лавлах боломжтой.