Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр хуралдсантай холбогдуулж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр “Төрийн нууцад хамааралтай “Эрдэнэс тавантолгой” төсөлтэй холбоотой 9 гэрээг нууцаас гаргахаар боллоо. Ингэснээр нэгдүгээрт, УИХ-ын түвшинд байгуулагдсан нүүрсний хэргийг илрүүлэх явцад дэмжлэг үзүүлэх түр хороонд шилжүүлж, хоёрт авлига, албан тушаалын гэмт хэрэг үүссэн эсэхийг нягтлуулахаар АТГ-т хүргүүлсэн. Нууцаас гаргаж буй гэрээнд, Ил уурхай олборлолтыг үе шаттайгаар нэмэгдүүлэх, шилдэг технологи нэвтрүүлэх төсөл, Ил уурхайн аргаар ашиглах боломжгүй нөөцийг далд уурхайн аргаар ашиглаж экспортыг нэмэгдүүлэх төсөл, Загийн усны хоолойн газрын доорх усны ордоос Тавантолгой хүртэлх ус хангамжийн хоолойн төсөл, Богд хаан төмөр замын суурь бүтэц барих төсөл, Тавантолгой-Гашуун сухайт, чиглэлийн төмөр замын төсөл, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төсөлтэй холбоотой Монголын төмөр зам төсөл зэрэг төслүүд багтсан. Эдгээр төслүүд нь Монгол Улсын эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн. Цаашид энэ мэт томоохон бүтээн байгуулалттай холбоотой төслүүд дээр Монгол Улсын Засгийн газар нэг ч нууц гэрээг батлахгүй.
Түүнчлэн жижиг Таван толгойн компани 10 гаруй жилийн хугацаанд Өмнөговь аймагт өгөөжөө үзүүлдэг гэдэг ч улсын хэмжээнд үр ашгаа өгч байгаагүй. Иймээс Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийг 6 сарын хугацаанд томилж, ажиллуулахаар боллоо. Бүрэн эрхт төлөөлөгчийн үүргийг Хууль зүй, дотоод хэргийн Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнжаргал хавсран гүйцэтгэнэ. Үүний зэрэгцээ Шадар сайд өнөөдрөөс газар дээр нь ажиллахаар болж байна.
Үүний зэрэгцээ Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг нүүрсний асуудалтай холбоотой мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийн ахлагчийн хувиар бодит мэдээллийг өгч байхыг үүрэг болголоо. Мөн Ковид-19 цар тахлын үеийн мэдээллийг олон нийтэд ил болгохоор тогтлоо” гэв.