УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанд Засгийн газраас Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн үзэл баримтлалыг танилцуулжээ.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан энэ үеэр хэлэхдээ “Үндэсний баялгийн сан нь дотроо Ирээдүйн өв сан, Хуримтлалын сан, Хөгжлийн сан гэсэн үндсэн гурван сантай байна. Ирээдүйн өв сангийн орлого өнөөдрийн хуулиараа ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 65 хувьд төвлөрч, энэ сан бүрддэг. Хуримтлал 2030 он хүртэл бүрдэж, улмаар 2030 оноос хуримтлагдсан хөрөнгийг ирээдүйн сайн сайхны төлөөх бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтад зарцуулах хуулийн зохицуулалттай.
Хуримтлалын сан нь төрийн өмчит уул уурхайн компаниудын төрд ногдож буй 34 хувийн ногдол ашгаас бүрдэнэ. Өнгөрсөн оны санхүүгийн үзүүлэлтээр уул уурхайн компаниудын 34 хувийн ногдол ашгийн дүнг тооцож үзэхэд, 1.1 их наяд төгрөг байх тооцоолол гарч байна. Уул уурхайн компаниудын хариуцлага дээшилж, ил тод байдал нэмэгдэж, эдийн засаг сайжирч байгаа энэ үед энэхүү 1.1 их наяд төгрөг өсөх боломжтой. Иймд ирэх жилүүдээс тус хуримтлалын сангийн хөрөнгийг бэлэн мөнгө тараах хэлбэрээр зарцуулахгүй. Үүний оронд бэлэн бус байдлаар орон сууц, боловсрол, эрүүл мэндийн салбарт зарцуулна.
Төсвийн тогтворжуулалтын санг өөрчлөх замаар Орон нутгийн хөгжлийн сантай нэгтгэж, Хөгжлийн санг бий болгоно. Хөгжлийн санд тухайн жилийн төсвийн давсан орлогын 50 хувийг төвлөрүүлнэ. Уг сангийн хөрөнгийг бүтээн байгуулалтын ажилд зарцуулна. Монгол Улсын 2023 оны төсвийн нөхцөл байдлыг авч үзвэл, 326.7 тэрбум төгрөг тус санд хуримтлагдаж, бүс нутгийн үйл ажиллагаанд зарцуулах дүр зураг харагдаж байна" хэмээв.
Засгийн газраас танилцуулсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн үзэл баримтлалыг бүлгийн гишүүд сонсоод, бүрэн дэмжсэн гэж тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мөн үеэр тодотгов.