Мал, амьтны сэг зэм устгахдаа халдвар хамгааллын дэглэм мөрдөх чиглэл өгөв

УОК-ын Шуурхай штабаас 21 аймгийн Онцгой комисстой цахимаар хуралдаж, мал амьтны сэг зэм устгахтай холбоотой халдвар хамгааллын дэглэмийг мөрдөх талаар мэдээлэл өгөв.

УОК-ын Шуурхай штабын дарга, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, тус штабаас хэрэгжүүлж буй үйл ажиллагааг танилцууллаа. Тэрбээр, 2000-2002, 2009-2010 оны зудтай харьцуулахад энэ өвлийн хэрэгжүүлсэн үйл ажиллагаа үр дүнтэй байсныг онцлоод, зүй бусаар хорогдсон мал, амьтны сэг зэм устгахтай холбогдуулан орон нутагт гарч байгаа зөрчил дутагдал, тулгамдсан асуудлаар чиглэлийг өглөө.

Улсын хэмжээнд гуравдугаар сарын 25-ны байдлаар 5.2 сая толгой мал хорогдоод байна. Үүнээс Сүхбаатар аймаг 1.4 сая, Хэнтий 720 мянга гэхчлэн Дорноговь, Архангай, Төв, Дундговь аймагт малын хорогдол хамгийн их байгааг ОБЕГ мэдээлжээ.