Нэгдсэн эмнэлгүүдийн өргөтгөлийн ажил төлөвлөгөөний дагуу явж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон бусад албаныхан Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Эрүүл мэндийн хөгжил хөтөлбөр 4” төслийн хүрээнд баригдаж буй Сонгинохайрхан дүүргийн жишиг нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийн барилга, “Баянзүрх эмнэлэг” ХХК-ийн санхүүжилтээр баригдаж буй Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлгийн 100 ортой өргөтгөлийн барилгын ажлын явцтай танилцлаа.

Сонгинохайрхан дүүрэгт 300 мянга гаруй иргэн амьдардаг бөгөөд эмнэлгийн хүртээмж муу байдаг. Тиймээс хотын даргын 2020 он хүртэл хийж, хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан дүүргүүдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилтын хүрээнд энэхүү эмнэлгийг барьж байгаа юм. Нийт 4 давхар, 200 ортой, мэс засал, төрөх, дотор, мэдрэл, хавдар, хүүхэд, эмэгтэйчүүд гэсэн 7 төрлийн үйлчилгээ үзүүлэх тус эмнэлэг нь Сонгинохайрхан дүүргийн 150 мянган иргэнд үйлчлэх боломжтой юм. Эмнэлгийг Австрийн “Вамед инженеринг” компани хоёр жилийн хугацаанд барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.

Өвлийн улирал дөхөж байгаа тул барилгын явцад хийх нийт 22 ажлаас зоорийн давхар барих, дулаалах зэрэг 5 хэсгийг ирэх сарын 20-ны дотор гүйцэтгэхээр төлөвлөжээ. Үлдсэн 17 ажлыг 2018 онд гүйцэтгэх аж. Эмнэлгийн барилгын шав тавих ёслолыг ирэх долоо хоногт хийхээр төлөвлөж байгааг гүйцэтгэгч компанийн зүгээс танилцуулав.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Намайг анх нийслэлийн Засаг даргын ажлыг авч байхад энэхүү эмнэлгийг барих тухай яригдаж эхэлж байсан. Харин өнөөдөр бодит ажил болон хэрэгжиж байгаад баяртай байна. Барилгын ажил хожуу эхэлсэн ч гүйцэтгэгч компани төлөвлөгөөнийхөө дагуу сайн ажиллаж байна. Монголын ихэнх эмнэлэг харанхуй хонгилтой, хүйтэн байдаг. Харин энэ эмнэлэг жишиг болохуйц гэрэлтүүлэгтэй, дулаан болно. Үүнээс бусад хувийн болоод төрийн мэдлийн эмнэлгүүд ч үлгэр жишээ авна гэдэгт итгэлтэй байна. Энэ мэт эмнэлгийг олон барих тусам улсын чанартай томоохон эмнэлгүүдийн ачаалал буурч, орон нутгийн иргэд түргэн шуурхай үйлчилгээ авах боломж бүрдэх юм” гэлээ.

Харин Баянзүрх эмнэлэг нь анх 1983 онд Найрамдлын районы хүүхдийн эмнэлэг нэртэй байгуулагдаж 125 ортой үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд эдүгээ 320 мянга гаруй хүн амд хоёр дах шатлалын тусламж үйлчилгээг үзүүлж байна. Баянзүрх дүүрэгт 0-16 насны хүүхдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж, үүнтэй уялдан хүүхдийн өвчлөл ихсэн, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх хүүхдийн төрөлжсөн мэргэжлийн эмнэлгийн эрэлт хэрэгцээ их байгаа юм. Тиймээс тус эмнэлэгт 4 давхар, 40 өрөөтөй, 100 ортой өргөтгөл барихаар төлөвлөсөн нь эдүгээ хэрэгжилтийн шатандаа яваа юм. Тус өргөтгөлд таван их эмч, зургаан сувилагч, дэмжих үйлчилгээний ажилтан 12 ажиллана. Өргөтгөлийг ашиглалтад оруулснаар ачааллыг 40-64 хувиар бууруулах боломжтой хэмээн үзэж байгаа аж.