Жүдо бөхийн Их дуулга “Абу Даби-2017” тэмцээний эрэгтэйчүүдийн -73 кг-д манай жүдоч Г.Одбаяр аваргын төлөөх барилдаанд ОХУ-ын жүдоч Мусо Могушковыг юүко, базари, иппон үнэлгээгээр цэвэр ялж алтан медалийн эзэн болов.

Тэрбээр энэ ялалтаараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өчигдөрхөн хүртсэн Монгол Улсын гавьяат тамирчин цол тэмдгээ Абу Дабигийн Их дуулгын алтан медалиар мялааж байна.

Г.Одбаяр хэсгийн аваргын төлөө олимпийн аварга Италийн жүдоч Фабио Басилег цэвэр ялсан. Хагас шигшээд ДАШТ-ий хүрэл медальт Бельгийн Ван Тичелттэй барилдаж нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялснаар алтан медалийн төлөө барилдах эрхээ авсан юм.