УИХ-ын гишүүн асан Цэдэвдамбын Оюунгэрэл өөрийн нөхөр Жеффри Л.Фолт нар 1937 оны хэлмэгдүүлэлтийн тухай “Ногоон нүдэн лам” нэртэй роман бичсэн билээ. Энэхүү роман хамгийн сайн борлуулалттай номоор одоог хүртэл шалгарч, бестселлерүүдийн жагсаалтад бичигдсээр байдаг билээ.
Тэгвэл зохиогч бүсгүй эхний дэвтрээ франц хэл дээр хэвлүүлсэн байна. Тэрбээр энэхүү баярт мэдээгээ өөрийн твиттер хуудсаар мэдэгдсэн байна. Шинэхэн хэвлэгдсэн номоо хүлээн аваад баярлаж байгаа зургаа "Оюуны экспортын анхны бүтээгдэхүүнээ гараар барьж үзэх мөч" хэмээн оруулсан байна.
Францын хэвлэлийн газарт номоо хэвлүүлэхийн тулд Ц.Оюунгэрэл, Жефф нар 2011 оноос хойш уг хэвлэлийн газартай холбоотой байж, 2015 онд гэрээ үзэглэсэн байна. Удаан хугацааны эрэл хайгуулын үр дүнд монголын томоохон роман анхныхаа гадаад зах зээлд гарахад бэлэн болоод байгаа нь энэ ажээ. Харин “Ногоон нүдэн лам” романыг хэвлэх хоёр дахь орон нь Япон болж магадгүй гэнэ. Учир нь саяхан японы нэгэн хэвлэх газар уг номын монгол, англи эхийг харьцуулж уншихаар захиалан аваад байгаа юм байна.