Багшийн цалин нэмүүлэх түр хороо, Монголын боловсрол, соёл шинжлэх ухааны ҮЭХ-ноос өнгөрсөн пүрэв гарагт мэдээлэл хийж, энд онд ажил хаяалт зарлахгүй гэдгээ дуулгасан бол баасан гарагт Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо (МБШУҮЭХ) энэ сарын 13 буюу өнөөдрөөс эхлэн улсын хэмжээнд хугацаагүй ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн.
Ажил хаялтад нийслэлийн ерөнхий боловсролын 105 сургууль, шинжлэх ухааны 11 байгууллага, 161 цэцэрлэгийн багш, ажилтнууд нэгдэхээ илэрхийлсэн байна. Мөн хөдөө орон нутгийн ерөнхий боловсролын 72 сургууль, 56 цэцэрлэг нэгдэх аж. Цаашдаа энэ тоо улам бүр нэмэгдэх хандлагатай байгааг МБШУҮЭХ-ны дарга Д.Батзориг онцоллоо.
Мөн тэрбээр , “Багш нарын цалинг нэмүүлэх түр хороо өчигдөр мэдээлэл хийхдээ “Багш нарт 500 мянга гаруй төгрөгийн урамшуулал олгох болсон” гэсэн ташаа мэдээлэл хийсэн.
Энэ мөнгөний 300 мянгыг 2017 оны төсөвт төрийн албан хаагчдын орлогыг нэмэхэд тусгасан 55 тэрбум төгрөгөөс олгох юм. Харин 200 мянга нь 2008 онд МҮЭХ-ноос БСШУСЯ-тай байгуулсан хэлэлцээрийн хүрээнд улирал тутамд олгодог урамшуулал. Тиймээс энэ бол багш нарын орлогыг нэмэхэд чиглэсэн алхам огтоос биш юм. Бид үндсэн цалингаа 50 хувиар нэмэх хүртэл ажил хаялтаа үргэлжлүүлэх болно” гэсэн юм.