Богд Жавзандамбын хэрэглэж байсан чулуун эдлэлүүдийг олон нийтэд дэлгэлээ

Богд хааны хэрэглэж байсан чамин тансаг хийцтэй үнэт, эрдэнийн чулуун эдлэл хэрэглэлийг дэлгэсэн “Чулууны гайхамшиг” үзэсгэлэн Богд хааны ордон музейд нээлтээ хийв.

“Монгол орон чулуун дурсгал ихтэй бөгөөд чулуу, эрдэнийн чулууг өдөр тутмын аж байдал, ахуй амьдралдаа өргөн хэрэглэж ирсэн уламжлалтай. Чулууны ертөнц шавхагдашгүй арвин, давтагдашгүй. Байгалийн чулуу хүний биед онцгой ач холбогдолтой. Байгаль эх 80 сая жилийн өмнө чулууг бий болгосон бөгөөд энэ нь нэн өвөрмөц, ховор үзэгдэл юм. Чулуу, тэр дундаа эрдэнийн чулуу хамгийн тогтвортой, найдвартай, энергийг хуримтлуулагч, хадгалагч, бас дамжуулагч болдог. Хүн төрөлхтөн олон мянган жилийн хөгжлийн явцдаа эрдэнийн чулуу, үнэт металлыг хүч, эрх мэдэл, агуу хүчирхэгийн хэмжүүр болгосоор ирсэн. Бид энэхүү үзэсгэлэнгээрээ Богд хааны ордон музейн сан хөмрөг дэх нарийн ур хийцтэй үнэт чулуун эдлэлүүдийг үзэгчдийн мэлмийд толилуулж байна” хэмээн Богд хааны ордон музейн эрдэм шинжилгээний ажилтан Ц.Гүнчин-Иш ярилаа.

Үзэсгэлэн 12 дугаар сарын 08-ныг хүртэл үргэлжилнэ.