УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх эдийн засаг, төсөв, санхүүгийн төлөв байдлын талаарх мэдээллийг сонслоо.
Уг мэдээллийг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт хийсэн юм. Тэрбээр, "Эдийн засгийн өсөлт 2013 онд 11.6 хувь, 2014 онд 7,9 хувь, 2015 онд 2,4 хувь, 2016 онд 1 хувьтай гарсан. Эдийн засгийн үзүүлэлт ийн унах болсон шалтгаан нь дэлхийн зах зээл дээр эрдэс баялгийн үнэ ханш буурсан. Мөн хөрш зэргэлдээ орнуудын эдийн засаг буурсантай холбоотой. Мөн төсөв мөнгөний алдаатай бодлого ч нөлөөлсөн. Түүнчлэн өмнөх Засгийн газар, Монголбанктай хамтарч төсөвт тусгагдаагүй хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн нь эдийн засгийг сааруулах үндэслэл болсон. Нөхцөл байдалтай холбогдуулж эрх баригчид төсөв санхүүгийн бодлогоо чангатгах байтал хууль тогтоомжид өөрчлөлт оруулах замаар асуудлыг шийдэж ирсэн байна.
Эдүгээ Засгийн газраас Эдийн засгийн хүндрэлийг сааруулах хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Үүний зэрэгцээ ОУВС-тай хамтарч ажиллахаар боллоо. Цаашид Засгийн газрын өрийн хэмжээг 2016 оны төсвийн жилд 88 хувь, 2017 оны төсвийн жилд 85 хувь, 2018 оны төсвийн жилд 80 хувь, 2019 оны төсвийн жилд 75 хувь, 2020 оны төсвийн жилд 70 хувь, 2021 оны төсвийн жилд 60 хувь байхаар тооцоод байна" хэмээв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, “Улс орны эдийн засаг хүндэрсэн. Өнгөрсөн жилүүдэд үзэгний үзүүрээр хэн хаана гарын үсэг зурж байгаагүй нь тодорхойгүйн дээр 5-6 төсөвтэй явсны горыг монголын ард түмэн, аж ахуйн нэгж үүрч байна. Сүүлийн үед сонгууль ойртсонтой холбоотой хар бараан мэдээлэл их цацаж байна. Энэхүү мэдээлэл улсын эдийн засгийг унагах шалтгаан болох магадлалтай. Өнгөрсөн 20 гаруй жилд хариуцлагагүйн зуд нүүрлэсэн. Үүнд ихээхэн хувь нэмэр оруулсан хүн өнөөдөр үндэсний баатар мэтээр ярьж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байна" гэлээ.
УИХ-ын гишүүн Ч.Улаан, “Нийгмээрээ нэг мэдээлэлтэй, нэг ойлголтой болж сонгуульд оролцох зорилгоор энэхүү мэдээллийг хийдэг. Уг нь сонгууль болохоос нэг сарын өмнө мэдээллийг хийсэн байх ёстой. Ингэснээр сонгуулийн мөрийн хөтөлбөрийг боловсруулахад ашиглах, хоёрдугаарт сонгогчдыг төөрөгдүүлэхээргүй нэг мэдээлэлтэй байх нь чухал байдаг. Гэтэл эл мэдээлэл хоцорч хэлэлцэгдэж байна. Энэ мэдээлэл нь сонгуулийн мөрийн хөтөлбөрийн үндэс байх учиртай. Үүгээр бид нэг ойлголт мэдээлэлтэй боллоо" гэсэн юм.