Үндэсний болон олон улс, тив, дэлхийн тавцанд оюун ухаан, мэдээллийн технологи, урлаг, спорт, байгаль хамгаалал, хүмүүнлэгийн үйлсээрээ онцгой амжилт гаргаж, үе тэнгийнхнээ манлайлсан 2017 оны шилдэг хүүхдүүдэд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх баяр хүргэж, шагнал гардууллаа.
Ерөнхий сайд хүүхдүүдэд хандаж,
-Монгол хүний оюуны нөөц боломж, авьяас чадвар асар их гэдгийг харуулж, эх орныхоо нэрийг өндөрт өргөн, таниулж чадлаа. Цаашид ч нөөц боломжоо бүрэн дайчилж, шинэ нээлт, шинжлэх ухааны сорилтыг даван гарч, алсын хараатай, эрдэм боловсролтой, бүтээлч сэтгэлгээтэй, шаргуу хөдөлмөрч, зөв иргэн болон төлөвшинө гэдэгт итгэл дүүрэн байна гэлээ.
Бид бахархах түүх соёл, өв уламжлалтай ард түмэн. Энэ ч утгаараа Засгийн газар хүүхдийн хүмүүжил, төлөвшилд үндэсний өв уламжлал, урлаг соёлоор дамжуулан эергээр нөлөөлөх бодлого хэрэгжүүлж, энэ хүрээнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас үндэсний өв соёл, түүхт уламжлалаа хүүхэд, багачууддаа сурталчлан таниулах, өвлүүлэх чиглэлээр бодитой ажлуудыг хийж байна.
2018 онд “Хүүхдийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийг батлан хэрэгжүүлж, хүүхдийн зуслан, хүүхдийн ордон, хөгжлийн төв, дотуур байр, өдөр өнжүүлэх төвүүдээр дамжуулан хүүхэд бүрт хүргэхээр зорьж байна.
Монгол Улс Хүүхэд хамгааллын тухай хуулиар хүүхдийн эсрэг хүчирхийллийг нийгмийн бүх орчинд хориглож, хуульчилсан. Цаашид хүүхэд хамгааллын үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, үүрэг хүлээгч талуудын идэвхтэй оролцоог хангах, хүүхдэд үйлчилгээ үзүүлж буй төрийн албан хаагч, мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх, ёс зүй, хариуцлагыг өндөржүүлэхэд онцгой анхаарч ажиллах болно.
Бид бодлого, хөтөлбөрөө хэрэгжүүлэхдээ хүүхдийн язгуур эрх ашгийг дээдлэх, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор гэр бүлд суурилсан хүүхдийн хөгжил, хамгааллын тогтолцоог боловсронгуй болгохыг эрхэмлэж байна гэлээ.
Бидний өвөг дээдэс үр хүүхдийнхээ хөгжил, төлөвшилд онцгой анхаарч ирсэн. Та бүгдийн амжилтаар эцэг эх, гэр бүлийнхэн, багш сурган хүмүүжүүлэгч, асран хамгаалагчид тань бахархаж байгаа. Үр хүүхдээ зөв өсгөн хүмүүжүүлсэн, шавь нараа чадварлаг болгон даджуулсан хүмүүст Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.