П.Сэргэлэн: ОХУ-тай мал эрүүлжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна

2017 оны зургадугаар сарын 1, 2-ны өдрүүдэд Оросын Холбооны улсын Санкт-Петербург хотноо болж буй Олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тэргүүтэй, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Эрчим хүчний сайд П.Ганхүү нар оролцож байна.

Чуулга уулзалттай зэрэгцэн Монгол Улс, ОХУ хооронд зарим салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх баримт бичгийг байгууллаа. Монгол улсын Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд А.Н.Ткачёв нар Монгол Улсад 4 сая тун вакцин нийлүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Тодруулбал “Монгол малыг эрүүлжүүлэх хөтөлбөр”-ийн 2 дугаар үе шатыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Оросын Холбооны Улсын Хөдөө аж ахуйн яам хоорондын хэлэлцээр”-т ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гарын үсэг зурсан юм. Ингэснээр Оросын Холбооны улсаас 2017-2018 онд Монгол Улсад 2017 оны 2 дугаар улиралд багтаан Оросын Холбооны улсын “Холбооны Малын эрүүл мэндийн төв”-д үйлдвэрлэсэн шүлхий өвчнөөс сэргийлэх О, А хэвшлийн тосон хүчлүүртэй вакцин нийт 4 119,20 мянган тунг нийлүүлэх юм. Вакцинжуулалтын ажлын үр дүнг үнэлэх болон эрүүл бүс дэх халдварын тархалтыг тогтоох тандалт шинжилгээний ажлыг Оросын Холбооны Улсын мэргэжилтнүүдээр гүйцэтгүүлэх зэрэг ажлууд хийгдэх боломжтой болж байна.

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн “Монгол Улсын мал сүргийг эрүүлжүүлэхэд дэмжлэг үзүүлж, ОХУ-аас 4 сая тун вакцин нийлүүлнэ. Хэлэлцээр байгуулагдсанаар вакцины ачилт хийгдэх юм. Монгол Улсын Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам бэлтгэлийг ч хангасан” гэдгийг онцлов.

Мөн энэ үеэр талууд махны экспортыг нэмэгдүүлэхэд онцгой үр дүн гаргаж ажиллахаар ярилцав. Ингэхдээ Монгол, Оросын бизнесмэнүүд хамтарсан махны үйлдвэр Монгол Улсад байгуулж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг нь ОХУ худалдан авахад анхаарч ажиллах шийдэлд хүрсэн гэдгийг онцлов. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас боловсруулж байгаа “Ноолуур” хөтөлбөр дээр хамтарч ажиллах саналыг Монгол Улсын Засгийн газраас тавьжээ. Хоёр орны хил орчмын худалдааг хөгжүүлэхэд үр дүн гаргаж, ажиллах асуудал ч хөндөгдсөн юм. Удахгүй Оросын Холбооны улсын Хөдөө аж ахуйн сайд А.Н.Ткачёв Монгол Улсад айлчлахаар төлөвлөж байгаа бөгөөд эдгээр асуудлуудыг үргэлжлүүлэн хэлэлцэхээр төлөвлөж байна.