Авто бензин, дизелийн түлшний онцгой албан татвар 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдэхээр хуульчлагдсан. Засгийн газраас шатахууны жижиглэнгийн үнийг өсгөхгүй байх зорилгоор тонн тутамдаа 100 мянган төгрөгөөр нэмэгдэх байсан татварыг 40 мянган төгрөг болгон бууруулах шийдвэрт хүрсэн юм. Гэсэн хэдий ч шатахуун импортлогчид шинэ он гарахаас өмнө жижиглэнгийн үнэдээ хязгаарлалт хийж, улмаар үнээ нэмж эхлээд буй. Засгийн газраас гаргасан шийдвэрийн үндсэн дээр Үнийн зөвлөл хуралдаж, шатахуун импортлогчидтой хэлэлцээр хийх учиртай ч тодорхойгүй шалтгаанаар хуралдаан хойшилсоор байсан юм. Харин өнөөдөр хуралдааныг хойшлуулахгүйгээр, явуулахаар тогтсон ажээ.
Үнийн зөвлөлийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд ахалж, нарийн бичгийн даргаар нь Ашигт малтмал, газрын тосны газрын дэд дарга ажилладаг. Гишүүдэд төрийн талаас Сангийн дэд сайд, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч, МХЕГ, ОБЕГ, ШӨХТГ, ТЕГ, ГЕГ, Тагнуулын ерөнхий газрын дарга багтдаг юм. Харин хувийн хэвшил талаас “НИК” ХХК-ийн гүйцэтгэх захирал, “Магнай трейд” ХХК-ий гүйцэтгэх захирал, “Шунхлай” ХХК-ий гүйцэтгэх захирал, “М-Ойл” групп ХХК-ийн гүйцэтгэх захирал, “Сод Монгол групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал нар багтдаг ажээ. Мөн үүн дээр нэмэгдэж, МҮЭХ-ны ерөнхийлөгч, Монголын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн үндэсний холбооны ерөнхийлөгч нар саналын эрхтэйгээр оролцдог байна.