НИТХ-ын даргаар ахлуулсан ажлын хэсгийнхэн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол "МТ"-ын ШТС-аас "Жаст"-ын ШТС хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайд хийгдэж буй тохижилтын ажилтай танилцав. Их хотын бас нэгэн тохижилтыг “Улаанбаатар зам засвар арчлалтын газар” ОНӨААТҮГ, Хот тохижилт-ынхан хийж байна. Баянгол дүүргийн 10 дугаар хорооллын туслах замын 812 метр талбайн шинэчлэл, тохижилтын ажлыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-нд эхлүүлсэн. Уг ажлын хүрээнд 191 автомашины багтаамжтай зогсоол, 5825 ам метр талбай бүхий зүлэг, ургамлан хашлага, гэрэлтүүлэг, явган хүний зам, хогийн сав, сандал зэргийг иж бүрнээр хийж байгаа юм.
“Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ Б.Бямбадорж “Бид бүхэн төлөвлөсөн хугацааны дагуу тохижилтын ажлыг ерөнхийдөө хийгээд дуусч байна. Ногоон байгууламж, явган хүний зам талбай зэргийг тохижуулхаас гадна Энхтайваны өргөн чөлөө орчмоор ногоон байгууламжын ургамлын хашлагыг бий болгож байгаа. Тодорхой хэмжээний газарт том мод тарьсан. Үүний хажуугаар олон улсын стандартын дагуу зүлгийг өтгөрүүлсэн бордоотой барьцалдуулж цацаж эхэлсэн. Нийслэлд сүүлийн үед хуурайшилт ихтэй байгаа учраас өдрийн цагаар ногоон байгууламжийг бороожуулах маягаар усалж байна. Энэ мэт ажлуудыг цаг хугацаатай уралдаад улсын баяр наадмаас өмнө дуусгаж, ард иргэдийн ая тухтай байдлыг бий болгосон ногоон байгууламжийг хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна” гэлээ.
“Улаанбаатар зам засвар арчлалт” ОНӨААТҮГ-ын дарга Ж.Чинзориг “Улаанбаатар хотод энэ хавар хийгдэж эхэлсэн эхний ажлын нэг болох 190 автомашины зогсоолтой, 812 у\метр зам, 5000 м2 талбайн ногоон байгууламжийн тохижилтын ажил Баянгол дүүргийн 10 дугаар хороололд өрнөж байна. Одоогоор автозамын хучилт бүрэн дууссан. Тохижилтын ажил 80 гаруй хувьтай байгаа. Иргэд явган явахад зориулагдсан, талбай ихтэй, дундаа зургаан аралтай, арал бүрт хос сүүдрэвтэй, ногоон байгууламж бүхий энэхүү тохижилтын ажлыг энэ сарын 10-нд хүлээлгэн өгнө” хэмээв.
Мөн олны хөлд талхлагдаж, шороо тоос байнга босдог газар болох Хархорин зах, Саппоро зэрэг газрын автобусны буудлын орчмыг хавтангаар өнгөлж байна. Өөрөөр хэлбэл, явган хүний зам барих, тавих ажил хот тохижилтын ажлын бас нэгэн гол бүтээн байгуулалт юм.
Авто замын шинэчлэл, өргөтгөлийн ажил хийхээс гадна иргэнээ дээдэлсэн Улаанбаатар хот маань явган хүний зам барих, сайжруулах ажилд дэвшил авчирахаар ажиллаж байна.