Ардчилсан нам болон УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр /2018.01.31/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд Ардчилсан намын дарга УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, бүлгийн дэд дарга Ж.Батзандан, Б.Пүрэвдорж, МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар, Ардчилсан намын ЕНБД Ц.Туваан нар оролцлоо.
С.Эрдэнэ: 21 аймагт болоод нийслэлд төв талбай дээр эсэргүүцлийн жагсаал зохион байгуулна
-Ардчилсан нам бусад улс төрийн намууд, төрийн бус байгууллагуудтай хамтарч Засгийн газар болоод УИХ-д зохих шаардлагуудыг тавьсан. Шаардлагууд улстөрийн зорилготой гэхээсээ илүү өнөөдрийн нийгэм эдийн засагт, иргэд, аж ахуйн нэгжийн өмнө тулгамдаад байгаа олон чухал асуудлыг шийдүүлэх зорилготой шаардлага тавьсан. Эдгээр шаардлагуудад хариу өгч, бодит үйл ажиллагаа хийгдээгүй байна. Хариу өгнө гэсэн аман шийдвэр хэлсэн байгаа. Бид хариу өгөөгүй тохиолдолд хоёрдугаар сарын 01-нд улс орон даяар эсэргүүцлийн жагсаал хөдөлгөөн зохион байгуулна гэдгээ албан ёсоор хэлсэн. 21 аймагт болоод нийслэлд төв талбай дээр эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулахаар төлөвлөөд, хуулийн дагуу холбогдох эрх бүхий байгууллагуудад нь асуудлаа тавих зэргээр бэлтгэл ажил хийгдэж байна. Үүнтэй зэрэгцээд нийгэмд буруу зөрүү ойлголт өгөх зэрэг олон сөрөг ажил эрх баригчдын зүгээс маш эрчимтэй хийгдэж байна. Эрх баригчид аливаа зүйлийг харлуулахдаа маш сайн. Бид нэг удаа эсэргүүцлийн жагсаал зохион байгуулаад л өнгөрөхгүй. Цаашдаа туушдаа тэмцэж, зорилгодоо хүрэх болно.
У.Хүрэлсүхийн Засгийн газрын 100 хоногийн үйл ажиллагааг сүр дуулиантай хийлээ. Бид энэ Засгийн газрын хийсэн хэмээн онцолж буй 30 ажилд нь дүгнэлт гаргасан. Гэтэл эдгээр онцлоод байгаа 30 ажлын 70 гаруй хувь нь өмнөх Засгийн газар буюу Ж.Эрдэнэбатын Засгийн газрын хийсэн ажил байна. Ажил хийсэн дүр үзүүлэх гэж хийсэн, хийгээгүй бүх л зүйлийг хамаад оруулчихсан байна. Тухайлбал, С.Зориг агсаны амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлсэн гэх асуудлыг оруулжээ. Гэтэл энэ бол У.Хүрэлсүхийн Засгийн газрын ажил биш. Монголын хууль хяналтын байгууллагуудын хийх ёстой л ажил. Мөн Чингис бондыг өрийг дарчихлаа хэмээн сүржин зарлаад байгаа. Тэгвэл евро бондын өрийг дарсан гэдгээ оруулаагүй байна. Евро бондын зээл буюу 780 сая долларын зээлийг Сү.Батболдын Засгийн газрын үед 2011 онд авч байсан. Гэхдээ энэ мөнгийг юунд зарцуулсан тайлан одоог болтол байхгүй. Уг зээлийг Хубилай нэртэй бонд гаргаж дарсан. Энэхүү Хубилай нэртэй бондын хүү Евро бондын зээлийн хүүнээс өндөр бонд гаргаж, өрийг өрөөр дарсан. Эргэн сануулахад, МАН-ын мөрийн хөтөлбөрт өрийг өрөөр дарахгүй гэсэн сүржин амлалт байгаа шүү. Харамсалтай нь өнөөгийн эрх баригчид өрийг өрөөр дарах ажилд дэндүү мэргэжлийн байна.
ОУВС-ийн хөтөлбөр хэнд ашигтай хэрэгжээд байгааг тайлагнаж чадахгүй байна
-ОУВС-тай хамтарч хэрэгжүүлж байгаа хөтөлбөрт улс оронд, ард түмэнд хэрэгтэй яг ямар зүйл явагдаад байгаа талаар өнөөдрийн хүртэл Засгийн газар тоймтой хэрэгжилтийн үр дүнг мэдээлж чадахгүй байна. Улс ороны эдийн засаг сайжирч байгаа гэж эрх баригчид байнга ярьж байгаа. ОУВС гэдэг байгууллага орж ирээд, "Оюу толгой"-н уул уурхайгаас олборлож байгаа баялагуудаас орж байгаа мөнгөний урсгалыг Монголын банк санхүүгийн байгууллагаар дамжуулах УИХ-ын тогтоолыг хүчингүй болгосон. Үүнээс өөр ямар ажил хийсэн гэдгийг нь би олж харахгүй байгаа. Хэд хэдэн санхүүгийн дэмжлэг нэртэй зээл өгсөн. Зээл гэдэг бол өр. Тиймээс ОУВС-ийн тусламжтайгаар Монгол Улсын гадаад өр нэмэгдэж байна гэсэн л үг. Өөр нэг хийсэн ажил нь татвар нэмэх чиглэлийг Засгийн газарт өгсөн юм шиг байна. Есөн нэр төрлийн татвар нэмсэн. Улс орны эдийн засаг нийгэмд дорвитой өөрчлөлт гаргах бүх зүйлийн эсрэг Засгийн газрын хийж байгаа алхам бүр ОУВС-ийн нэрээр тайлбарлаж байна. Монгол Улсын гадаад өр үндсэндээ өнөөдөр буюу жил долоон сарын хугацаанд 2.5 тэрбум доллараар нэмэгдчихсэн байна. Гэтэл Чингис бондын 1.5 тэрбум долларын зээлийг таван жил өнөөгийн эрх баригчид улиг болтол ярьж байсан. Өнөөдөр манай улсын өрийн босго 100 давчихсан явж байна. Тухайн үед 58 хувийн босго давах гэж байхад МАН-ынхан ширээ, сандал нүдээд чуулганы танхим нураах гэж байсан.
Д.Эрдэнэбат: У.Хүрэлсүхийн Засгийн газрын 100 хоногт хийсэн 30 ажлыг зүгээр л нэг салбар яамны хийх ажил
-Өнгөрсөн хоёр жил үндсэндээ өрийг өрөөр дарсан, амлалтаас амлалт руу шилжсэн жил болж өнгөрлөө. Өнгөрсөн хугацаанд эрх баригчдын хийсэн ажлаас ард түмний сэтгэлд нийцсэн ажил юу байна гээд үзэхээр ганц ч ажил алга байна. Иргэд ганц зүйлд л бухимдаад байна. Олон нийтийн бухимдал бодит байдал болсон шүү. Энэ нь эрх баригчид нь эдийн засаг өсчихсөн гэчхээд, иргэдэд үр дүн нь хүрэхгүй байгаад л бухимдаж байгаа. Эдийн засгийн өсөлтийн мөнгө, гадаадаас зээлж байгаа өр, зээлийн мөнгө хаашаа ороод байгааг ард түмэн асууж байна. Үүний хариултыг бид маргаашийн жагсаал цуглаанаар нэхнэ. Маргааш бид тодорхой хэдхэн зүйлийг л нэхнэ. 60 тэрбумынханд хариуцлага хүлээлгэх, буруу гаргасан татваруудынхаа нэмэгдлийг цуцлах, шатахууны үнийн өсөлтөөс болж өссөн үнийн өсөлтөд хэн хариуцлага хүлээх эсэх, эхний Засгийн газрын амлалт болон дараагийн Засгийн газрын шинэ амлалтуудыг нэхнэ.
Бид 2012-2016 оны үед эдийн засгийн маш хүнд нөхцөлд Монголын үнэ цэнэтэй газрын доорх баялгийн үнэ унасан. Гадаадын ашиг хайсан хөрөнгө оруулагчид нүүрээ буруулсан байсан үед Монгол Улсыг Ардчилсан намын байгуулсан Засгийн газар авч явсан. Тухайн үед бид хувийн хэвшлээ, баялаг бүтээгчдийг дэмжсэн, ард түмнийхээ ажлын байрыг хадгалж үлдсэн, залуучуудаа орон сууцтай болгож чадсан. Түүгээр ч зогсохгүй Н.Алтанхуягийн Засгийн газрын үед гадаадад байгаа иргэд Монгол Улсын эдийн засаг хүнд байгаа ч гэсэн Монголдоо ирэх сэтгэхүйн уур амьсгал бүрдсэн он жилүүд байсан гэдгийг ард түмэн мэднэ. Гэтэл өнөөдөр эдийн засаг өссөн гэсэн хирнээ эрх баригчид Монгол иргэдээ гадаад яваач, гадаадад очоод манай иргэдийг аваач гэж асуугаад байгааг гайхаж байна.
У.Хүрэлсүхийн Засгийн газар 100 хоногийнхоо хүрээнд 30 ажил хийсэн гэсэн тайлан гаргаад байна. Бид дүгнэж үзээд, таван хэсэгт хуваасан. Нэгдүгээрт, бодитойгоор хэрэгжүүлсэн ажил нь зургаа л байна. Үүний нэг нь С.Зоригийн хэргийн буруутныг олсон асуудал орж байгаа. Хоёрдугаарт, найман амлалт орсон. Гуравдугаарт, эргэж, буцсан дөрвөн шийдвэрийг оруулсан. Тухайлбал, Приусын татвар нэмнэ гэх дуулианаар нь машины үнэ нэмэгдсэний дараа түүнийгээ буцаасан асуудлаа хийсэн ажил хэмээн оруулчихсан байна. Дөрөвдүгээрт, өмнөх Засгийн газрын ажлыг үргэлжлүүлж буйгаа оруулсан. Тавдугаарт, Засгийн газрын өөрийнх нь үйл ажиллагаанаас үл хамааралтай нэг ажлыг оруулчихсан байсан. Ингээд л болсон. Тэгэхээр энэ Засгийн газрын газрын 100 хоногт хийсэн ажлыг харахаар эдгээр 30 ажил нь зүгээр нэг салбар яамны жижигхэн хийчих ёстой ажил төрийн том бодлогын ажлын хүрээнд аваачиж тавьж байгаа нь энэ Засгийн газрын ямар ч бодлого байхгүй гэдгийг харуулж байгаа том жишээ.
Ц.Оюунбаатар:Засгийн газрын оновчгүй арга хэмжээг эсэргүүцэж энэ жагсаалд оролцоно
-Улс орны эдийн засгийн хямрал, үнийн огцом өсөлт, Засгийн газрын оновчгүй арга хэмжээг эсэргүүцэж энэ жагсаалд оролцоно. 2016 онд байгуулагдсан УИХ тарах ёстой гэдэг уриалгыг МАХН-аас гаргасан. Энэ парламент нэр хүндгүй байна. Хүчирхийлэгч, ёс суртахуунгүй, оффшорчид цугласан парламент болсон байна. Ард иргэдийн дийлэх нь УИХ-ыг тарах ёстой гэж үзэж байгаа учраас парламент тарах ёстой. Ийм байдлаар Монгол Төрийн нэр хүндийг шороотой хутгаж, болохгүй. Энэ бүхнийг залруулахын тулд эх орондоо хайртай, шударга ёсыг дэмждэг хүн бүр үзэл баримтлал намын харьяалал харгалзахгүй бидний эсэргүүцлийг дэмжих байх гэж найдаж байна. Бид ганц удаа жагсаад дуусахгүй эдгээр асуудлыг цэгцэлтэл тууштай тэмцэх болно.
Ж.Батзандан: Монгол Улс толгойгүй төртэй хоёр жил явлаа
-2016 оны сонгууль болсноос хойш үндсэндээ хоёр жил боллоо. 65 суудалтай эрх баригч нам юу хийж, бүтээж байгааг ард түмэн харж байгаа. Ж.Эрдэнэбатын Засгийн газар гурван сарын өмнө огцорсон. Улмаар У.Хүрэлсүхийн Засгийн байгуулагдахдаа 60 тэрбумын хуйвалдааныг илчилж, төрийн албыг мөнгөөр худалдаж авдаг явдлыг зогсооно гэж гарч ирсэн. Харамсалтай нь У.Хүрэлсүхийн Засгийн газар 60 тэрбумынхантай нийлээд явж байна. Ард түмний итгэл алдарч байна. Бид зүтгэж, хамтдаа хөгжинө уриатайгаар өр нэмэхгүй, татвар нэмэхгүй гэсэн амлалт өгч гарч ирсэн. Гэтэл эрх баригч нам өнөөдөр татвар нэмээд, Монгол Улсын өрийн хэмжээг хэд дахин нэмчихээд сууж байна. Ардчилсан нам хоёрдугаар сарын 01-нд эсэргүүцлийн жагсаал цуглааныг улс орон даяар зохион байгуулах гэж байна. Монгол Улсын Үндсэн хуульд иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх эрхтэй гэдэг заалтын хүрээнд энэ жагсаал цуглааныг зохион байгуулж байгаа. Ардчилсан нам дуграхгүй, сөрөг хүчин хэлэхгүй бол өөр хэн хэлэх юм. Ж.Эрдэнэбат болоод У.Хүрэлсүхийн Засгийн газрын бодлогын алдаанаас болоод бараа бүтээгдэхүүний үнэ огцом өсч иргэдийн амьдралд хүнд цохилт өгч байна. Ер нь энэ хоёр жилийг бид товчхондоо амлалтаасаа ухарсан, Ардын нам дотоод "зодоондоо" хүчээ зарцуулсан он жилүүд байлаа гэж дүгнэж байгаа. Өөрөөр хэлбэл, МАН-ын дотоод "зодоон" өнөөдөр төрийн хямрал, Монголын хямрал болж байна. 65 суудалтай эрх баригч нам ингэж төр барьж болохгүй. Товчхондоо Монгол Улс толгойгүй төртэй хоёр жил явлаа. Монгол Улсын Засгийн газарт мэддэг зүйл нэг ч байхгүй. Бүгдийг ОУВС мэддэг болсон.
Б.Пүрэвдорж: МАН-ын үед есөн төрлийн татвараар ард түмний нурууг бөхийлгөж байна
-МАН-ын мөрийн хөтөлбөрийн сануулмаар байна. Тэд нэг ч төрлийн татвар бий болгохгүй гэж амлаж байсан. Гэхдээ одоо есөн төрлийн татвар нэмээд байна. Манжийн үед есөн эрүүгээр ард түмнийг нурууг бөхийлгөх гэж үзсэн ч чадаагүй. Харин өнөөдөр МАН-ын үед есөн төрлийн татвараар ард түмний нурууг бөхийлгөж байна. Тиймээс ч бид хугацаатай шаардлагуудыг тавиад байна. Засгийн газар нь эргэж, буцсан олон шийдвэр гаргаж байна. Тиймээс ямар ч бодлого, шийдвэргүй МАН Үндсэн хуульд гар хүрэх эрхгүй гэж бид үзэж байгаа.