Төрийн тусгай албан хаагчдын Нэгдсэн эмнэлэг /ТТАХНЭ/-т “Диализын төв болон шинэ технологиуд” танилцуулах нээлтийн ажиллагаа боллоо.
Шинээр баригдаад жил гаруй болж буй тус эмнэлэгт 2017 онд Австри улсын Засгийн газрын 7 сая еврогийн хөнгөлөлттэй зээлд хамарснаар эхний ээлжинд 2 сая еврогийн үнэ бүхий хэт авиан оношлогооны аппарат, мэдрэлийн аппарат, ходоод, бүдүүн гэдэсний уян дуран, дурангийн мэс заслын аппарат, хагалгааны өрөөний зөөврийн рентген аппарат зэрэг 10 гаруй тоног төхөөрөмжийг хүлээн авч, үйл ажиллагаандаа ашиглаж байна.
Мөн төсвийн санхүүжилтээр гемодиализын эмчилгээний хэсэгт 258 сая төгрөгийн өртөгтэй давхар эмчилгээний аппарат 2, дан амжилгээний аппарат 2, ус цэвэршүүлэх системийг суурилуулан Гемодиализын эмчилгээний хэсгийн үйл ажиллагааг эхлүүлжээ.
Үүнээс гадна угаалгын хэсэгт 98 сая төгрөгийн өртөг бүхий угаалгын машин 2, хатаагч, булт индүү тус бүр нэгийг өгсөн байна. Гемодиализын эмчилгээний хэсэгт өнөөдөр үйлчлэх хүрээний 10 гаруй үйлчлүүлэгч хамраад байна. Тус хэсэг нь долоо хоногт үйлчлүүлэгчийг 2 ээлжээр буюу 2500 сеанс эмчилгээ хийх боломжтой.
Өнгөрсөн оны эмнэлгийн судалгаагаар бөөрний архаг өвчний 3-5 дугаар шатанд 40 гаруй харъяаллын үйлчлүүлэгч байсан нь энэ эмчилгээ зайлшгүй шаардлагатайг харуулж байгаа юм.
Австрийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн үлдсэн тоног төхөөрөмжүүд энэ оны 7 дугаар сар гэхэд бүрэн суурилагдана. Мөн “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг байгуулах төслийн хөрөнгө оруулалт нь шийдэгдэж удахгүй хэрэгжихээр болжээ.
ТТАХНЭ-т энэ жилдээ багтаж Монголд анхны болох “Нойрны төв” нээгдэх бол “Цахим эмнэлэг” төсөл, “Чанарын удирдлагын тогтолцоо ISO9001:2015” зэрэг олон ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.