Хөвсгөл аймагт гарсан ой хээрийн түймэр “хүчээ” авчээ. Тодруулбал, тус аймгийн Эрдэнэбулган сумын Зэрлэг багийн Горхины-Эх, Ухантын даваа гэдэг газар гарсан ойн түймрийг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн 12 алба хаагч, орон нутгийн 110 гаруй иргэн 4 дахь өдрөө ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар нийт 4000 орчим га талбай шатаад байгаа учраас Эрдэнэбулган сумын Онцгой комисс хуралдаж аймгийн Засаг даргад үүлэнд зориудаар нөлөөлж өгч хур тунадас оруулж өгөх хүсэлтийг хүргүүлжээ.
Эрдэнэбулган сумын нэг, хоёрдугаар ээлжийн иргэд бүрэн дайчлагдан түймрийн голомтонд ажиллаж байгаа боловч түймэр том нуруунд гарч 14-15 км газарт асч байгаа учраас унтраах боломжгүй болсон байна.
Мөн түүнчлэн нутгийн иргэд өөрсдийн хүсэлтээр сайн үйлсийн аян өрнүүлж, хоол хүнс, хүрз бээлий зэргээр туслаж, гар биеэ дайчлан бүх боломжоороо оролцон ажиллаж байгаа аж.