Улаанбаатар хотын хөгжил болон төр нийгмийн зүтгэлтнүүд, утга зохиолын авьяастнууд, алтан үеийн жүжигчдийн цэл залуухан дүрийг гэрэл зургийн хальснаа буулгасан нэгэн сонирхолтой үзэсгэлэн Монголын Театрын музейд үзэгчдийн хүртээл боллоо.
Энэ бол ахмад гэрэл зурагчин Л.Санжмятавын 80 насны ойд зориулсан “Хот, хотынхон” гэрэл зургийн үзэсгэлэн юм. Тэрбээр энэ удаагийн үзэсгэлэндээ хот болон төр нийгмийн зүтгэлтнүүд, утга зохиолын авьяастнууд, алтан үеийн жүжигчдийн цэл залуухан дүрийг гэрэл зургийн хальснаа буулгасан 80 зураг дэлгэжээ. Тухайлбал, Ардын жүжигчин Л.Жамсранжав, Н.Сувд, Г.Мягмарнаран, жүжигчин Д.Сэдэд, Ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэн, Ардын жүжигчин, Төрийн соёрхолт, найруулагч, орчуулагч Э.Оюун, П.И.Чайковскийн алдарт “Хунт нуур” бүжгэн жүжгийн гол дүрд тоглож буй Ардын жүжигчин Ю.Оюун, жүжигчин П.Оюунбат нар болон “Есөн гудамж”-ны сүүлчийн өдрүүд, Жанрайсагийн орчны гэр хороолол, Хуучин хороолол дахь шинэ эмнэлэг, Улаанбаатар хот дахь дулааны цахилгааны анхны станц, Богд хааны ордон музейн цогцолбор, XII микрорайон, Барилгачдын талбай, Монгол телевизийн цамхаг, Энхтайвны гүүрний эргэн тойронд зэрэг өнөөдрийг хүртэлх хугацаанд хотын өнгө төрх хэрхэн өөрчлөгдөж, тэлж буйг тольдсон зургууд үзэгчдийн сонирхлыг татаж байв.
Гэрэл зурагчнаар тасралтгүй 60 жил ажиллаж буй тэрбээр хэлэхдээ, “Өнгөрсөн 60 жилийн хугацаанд Улаанбаатар хот маань үнэхээр сайхан хөгжжээ. 1960-аад онд зураг авч байсан гэрэл зурагчид өнөөдөр тэр газраа эрээд олохгүй байна. Зарим газар өндөр барилгын ард ороод, зарим нь олдохоо больжээ. Энэ үзэсгэлэндээ 1960-аад онд авч байсан гэрэл зургаа өнөөдрийн зурагтай харьцуулан харуулж буй юм” гэв.
Тэрбээр 1958 оноос “Найрамдлын зам” сонинд гэрэл зургийн сурвалжлагчаар ажиллаж эхэлжээ. Улмаар МУИС-ийн сэтгүүлчийн ангид суралцаж дүүргэсэн байна. 1966 оноос МРТУХ-ны МОНЦАМЭ агентлагийн гэрэл зургийн ерөнхий редакцид гэрэл зурагчнаар 1982 оныг хүртэл, 1982 оноос ҮСУХ-ны чанарын удирдлагын төвд, 1986 оноос Монголын Урлагийн ажилтны холбоо, 1991 оноос Монголын Урчуудын эвлэлийн хороонд гэрэл зурагчнаар ажиллаж байжээ.
Ардын жүжигчин Н.Сувд хэлэхдээ, “Гэрэл зурагчин Л.Санжмятав бол Монголын театр урлагийн болон хотын соёл, шинэ үеийн түүхийг өөрийн уран бүтээлээр бүтээсэн хүн. Түүний гэрэл зургууд манай залуусын цаашдын уран бүтээлд нь нэмэр, нөөлөг болно” гэдгийг тодотгов.
Үзэсгэлэн энэ сарын 24-ныг дуустал олон нийтэд нээлттэй ажиллана.