Жил бүрийн дөрөвүгээр сарын 28-ны өдрийг “Монгол генералын өдөр” болгон тэмдэглэж, алтан мөрдэстэй генералууддаа тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд ээлжлэн хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай билээ.
Энэ жилийн хувьд Монгол Улсад генерал цол олгогдож эхэлсний түүхт 74 жилийн ой энэ сарын 27-нд буюу нөгөөдөр болно. Уг арга хэмжээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар зохион байгуулахаар болсон байгаа юм.
Тэгвэл генералын өдрийг угтаж гурван генералын цолыг хураах зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч гаргасан талаар өчигдөр мэдээлэв.
Зарлигт:
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь: Гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдож, хорих ял шийтгүүлсэн Чимэддоржийн Амарболд, Пүрэвийн Даш нарт хүртээсэн “Хошууч генерал” цол, Тожооны Дашдэлэгт хүртээсэн “Бригадын генерал” цолыг тус тус хассугай” гэжээ.
Ийнхүү гурван генерал цол ч үгүй болов. Гэхдээ ард түмнийхээ дунд цолыг нь хураасан ч генерал нэртэйгээ үлдэнэ. Магадгүй өндөр насыг нь ажиллаж явсан үйл хэргийг нь хүндэтгээд ард түмэн нь “генералаа” л гэж дуудах нь тодорхой.
Хошууч генерал Ч.Амарболдын хувьд хэлмэгдсэн гэж үздэг. Түүний хувьд ЦЕГ-ын үүрэг гүйцэтгэгч байхдаа долдугаар сарын 01-ний хэрэгт буруутгагдаж, гурван шатны шүүхээс 3,5 жилийн ял сонсч, улмаар хорих ялаа дуусгаж шоронгоос гарч ирсэн удаатай. Түүнийг хэлмэгдсэн гэдгийг ард түмэн төдийгүй хууль хяналтынхан ч мэдэж байгаа шүү дээ.
Яагаад гэвэл тэр үймээн самууны үеэр дээрээс онц байдал зарлуулж, буудах тушаал өгсөн байдаг гэдэг. Гэвч тушаал өгсөн хүмүүсийг шүүх нь шийтгээгүй хэрнээ, тушаалыг гүйцэтгэсэн хурандаа дарга нарт төр төмөр нүүрээ харуулж, төмөр торны цаана хорьсон нь түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн. Гэхдээ энэ үйл хэрэг гавьяатай зүйл биш байсан юм.
Харин ОБЕГ-ын дарга асан, генерал П.Даш, Улсын нөөц бүрдүүлэлтийн газрын дарга байхдаа албан тушаал, авлига хахуулын хэргээр гурван шатны шүүхээс 3,6 жилийн хорих ял сонссон билээ.
Тэрбээр “Алтай таван богд хайрхан” ХХК-тай үрийн улаан буудай худалдан авах гэрээг байгуулан нийт 1.3 тэрбум төгрөгийг шилжүүлж байгууллагад онц их хэмжээний хохирол учруулсан байдаг.
Харин Т.Дашдэлэг генералын хувьд ЗХЖШ-ын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагчаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, БНАСАУ-ын холбогдох хуулийн этгээдтэй байгуулсан гэрээгээ биелүүлээгүйн улмаас улсад 1.5 сая долларын хохирол учруулсан гэсэн үндэслэлээр буруутган шалгаж, шүүгдсэн байдаг юм.
Ийнхүү шүүхээр гэм буруутай нь тогтоогдож “ялтан” нэртэй явсан гурван генералын цолыг хураах шийдвэр гаргасан тул тэд Генерал цолтонд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд оролцох боломжгүй болж байгаа гэнэ.