Манай улс 2020 онд болох НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд Ирланд улсыг дэмжинэ гэдгээ илэрхийлжээ.
Ирланд улсын парламентын Доод танхимын дарга Шон О’Фарел, УИХ-ын дарга М.Энхболд нар албан ёсны хэлэлцээ хийлээ.
Хэлэлцээний эхэнд УИХ-ын дарга М.Энхболд хоёр орны харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, Парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Шон О’ Фарелийн айлчлал чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Айлчлалыг нь найрсгаар хүлээн авсанд Шон О’Фарел талархал илэрхийлээд, “Миний айлчлал Парламент хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хоёр орны хамтын ажиллагааг боломжит бүх салбарт өргөжүүлэх гэсэн хоёр үндсэн зорилгод чиглэсэн” гэсэн байна. Цаашлаад Европын холбоог төлөөлсөн маш сайн гуравдагч хөрш нь болохыг эрмэлзэж байгаагаа илэрхийлжээ.
Тэрээр мал аж ахуй, хөдөө аж ахуй, тэр дундаа манай улсын үзэсгэлэнт байгаль, түүх, соёлын дурсгалт газрыг ашиглан аялал жуулчлалын салбарт харилцан ашигтай ажиллах бүрэн боломжтой гэдгээ онцолсон юм.
Мөн их, дээд сургуулиудтай хамтарч ажиллахаас гадна Монгол залуусыг эх орондоо сургахад бэлэн байна гэжээ.