Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, “Сайн хөршүүд” /“Good neighbors”/ Олон улсын төрийн бус байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар, Сургуулийн нийгмийн ажилтнуудын нийгэмлэг хамтран Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “Ерөнхийлөгчид хүргэх миний үг” аяныг эхлүүллээ.
Аян 2018 оны тавдугаар сарын 15-25-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд 6-18 хүртэлх насны хүүхдүүд захидал бичих, гар зураг зурах хэлбэрээр оролцох боломжтой.
“Ерөнхийлөгчид хүргэх миний үг” аяны хүрээнд захидал болон гар зураг зурах хүүхдүүд улс орны болон орон нутгийн хөгжил дэвшилд хувь нэмэр болохуйц шинэ санаа, санаачилгыг илэрхийлсэн, хүүхдийн өөрийн хүсэл мөрөөдөл, тулгамдаж буй асуудлыг тусгасан зэрэг ямар ч агуулгаар бичиж, зурж болно. Жишээ нь, хүрээлэн буй орчин, эрүүл мэнд, боловсрол, чөлөөт цагаа өнгөрөөх орчин, хүүхдийн эрх, хамгаалал, ундны ус, орчны эрүүл ахуй, агаарын бохирдол, орон нутгийн хөгжил, гэр бүлийн амьдрал, хувийн үзэл бодол гэх мэт олон сэдвээр аянд оролцох боломжтой.
Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан захидал бичих, гар зураг зурах энэхүү аянд идэвхтэй оролцон, үзэл бодлоо зөв зохистой илэрхийлж, үе тэнгийнхнийхээ дуу хоолой болж чадахуйц шаардлага хангасан захидал болон зураг илгээсэн 100 хүүхэд 2018 оны зургадугаар сарын 1-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай биечлэн уулзах уулзалтад оролцох юм. Мөн хүүхдүүдийн бичсэн захидал, зурсан зургаар үзэсгэлэн гаргаж, олон нийтийн хүртээл болгоно.
“Ерөнхийлөгчид хүргэх миний үг” аянд оролцохыг хүсвэл:
Захидал болон гар зурагт тавигдах шаардлага, захидал болон зургийг хэрхэн илгээх зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг president.mn татаж авах боломжтой.