Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар "Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр"-ийн хүрээнд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ж.Аргынбайн нэрэмжит ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуульд их засварын ажил хийгдэхээр боллоо.
Өчигдөр буюу 2018 оны 05 дугаар сарын 17-ний өдөр аймгийн Засаг дарга А.Гылымхан Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока болон "Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр" хариуцсан мэргэжилтнүүдтэй уулзаж 1987 онд баригдсан түүнээс хойш их засвар хийгдээгүй, хуучирч дулаан алдагдаж халаалтын систем нь гэмтсэн Өлгий сумын 4 дүгээр сургуулийн барилгад их засвар хийх шаардлагатай хөрөнгийг шийдвэрлүүлж энэ жилдээ багтаан хийж дуусгахаар тохирсон байна.
Тус сургуулийн их засварын ажлыг энэхүү хөтөлбөрт хамруулах тухай аймгийн Засаг даргын зүгээс онцгой анхаарч удаа дараа хүсэлт тавьж, холбогдох хүмүүстэй хамтарч ажилласны үндсэн дээр ийнхүү шийдвэрлүүлжээ.
Дашрамд хэлэхэд уг хөтөлбөрийн хүрээнд манай аймагт бидний ирээдүй болсон хүүхдүүдийн сурах орчин нөхцөл сайжруулах зорилгоор нийт 2 тэрбум 800 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна.