Монгол Улсын 3х3 шигшээ багийн чансаа Азидаа нэгдүгээрт бичигджээ

Филиппиний Манила хотод болсон FIBA-гийн 3x3 сагсанбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон С.Тулга дасгалжуулагчтай шигшээ багийн тамирчид шилдэг 8 шалгарч түүхэн амжилт үзүүлсэн билээ.

Энэ удаа эрэгтэй 20 баг өрсөлдсөнөөс “С” хэсэгт Монгол Улсын баг 3 хожил, 1 хожигдолтой хэсгийн хоёрдугаар байраар шалгарч цааш өрсөлдөх эрхтэй болсон.Тэд 50 мянган хүний суудалтай “Philippine Arena”-д дэлхийн хүчтэй багууд болох Филиппин, ОХУ, Бразил улсын багийг тус тус хожин шилдэг 8-д үлдсэн. Улмаар дэлхийн чансааг тэргүүлэгч Сербийн багт хожигдож YIII байр эзэлсэн. Мөн Ази тивийн багуудаас манай баг ганцаараа хэсгээсээ шалгаран хасагдах шатанд өрсөлдөх эрх авсан юм.

ДАШТ-ийг зохион байгуулсан Филиппин 11 дүгээр байр эзэлсэн бол Япон 14, Йордан, Индонез 19, 20 дугаар байрт тус тус шалгарлаа. Монгол Улсын багийн бүрэлдэхүүнд Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, Э.Цэрэнбаатар, Г.Цэнгүүнбаяр нарын шилдэг тамирчид орсон. Монгол Улсын 3х3 шигшээ багийн чансаа Азидаа нэгдүгээрт бичигдэж байна. Мөн энэ амжилтаараа “Токио 2020” олимпийн наадамд оролцох боломжтой болжээ.