"Хөх Монгол" бүлгэмийн тэргүүн Хонхэрээдийн Б.Энхбат өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээллийн эхэнд “Өнөөдрөөс эхэлж би ганцаараа мэдэгдэл хийнэ. Учир нь манай бүлгэмийн залуусыг хууль хяналтын байгууллагынхан миний эсрэг ажиллахыг шахаж шаардан хуулийн янз бүрийн арга хэмжээ авч дарамталж байна” хэмээсэн юм.
Хонхэрээдийн Б.Энхбат "УИХ-ын эмэгтэй гишүүд газрын хууль бус наймаа хийдэг болсон байна. Үүнийг шалгуулахаар Монгол улсын ерөнхий прокурорын дарга М.Энх-амгалан, Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл, Авлигатай тэмцэх газрын дарга Ж. Энхжаргал нарт тус тус УИХ-ын гишүүн, БОАЖЯ-ны сайд асан Д.Оюунхоролтой холбоотой материалуудыг гэмт хэргийн шинжтэй байгаа эсэхийг шалгаж өгөхийг хүссэн баримтуудыг нь албан ёсоор шилжүүлж өгсөн байна. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол 2015 онд БОАЖЯ-ны сайд болоод Монгол улсад устах эрсдэлтэй болсон ховор эмийн ургамлыг, тодруулбал Дорнод аймагт 50 тонн, Сэлэнгэ аймагт 40 тонн нөөцтэй дэрвэгэр жиргэрүү гэх эмийн ургамлыг Хятад улс руу 75 тонныг гаргах тушаал гаргасан. Гэтэл энэ ургамлыг Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор ховордсон эмийн ургамлын жагсаалтад оруулж, гадагш гаргахыг хориглосон байдаг. Түүнчлэн усны ундарга, сав газрын хамгаалалтын бүс таван км-с багагүй байх ёстой. Гэтэл Туул голын ай сав, хамгаалалтын бүсээс 50м-ийн зайд барилга байшин барих, Арцатын аманд хувь хүнд газар олгох, аж ахуйн байгууллагуудад үйл ажиллагаа явуулах эрхийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол олгосон.
Энэ бол албан тушаалаа урвуулан ашигласан онц хүнд гэмт хэрэг. Үүнд хуулийн байгууллагынхан ямар ч арга хэмжээ авч хариуцлага тооцохгүй байгаа нь манай хууль өндөр албан тушаалтнуудад үйлчилдэггүй нь харагдаж байна" гэсэн юм.