Л.Оюун-Эрдэнэ:Төрийн албанд мөнгө төлж орсон, хууль бусаар халагдсан бол 9310-6060 утас руу залгаарай

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг өнгөрсөн долоо хоногт түүнийг АТГ-аас дуудаж, Б.Хурцын асуудлаар нээлттэй сонсгол хийсэн талаар нь тайлбар авсан юм. Энэ үеэр тэрбээр АТГ-аас “60 тэрбум”-ын хэргийн талаар мэдээлэл авахыг хүссэн аж. Тэгвэл АТГ-аас түүнд “60 тэрбум”-ын хэргийн талаар хариу ирүүлсэн байна. Энэ талаар Төрийн ордонд тэрбээр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "Би АТГ-т хандаж 60 тэрбумын хэргийн мөрдөн байцаалтын явцтай холбоотой тодруулга авахыг хүссэн. Өнөөдөр АТГ-аас надад хариу ирүүлсэн. Хариунд шинжилгээд ирүүлсэн бичлэг нь эх хувь биш учраас дуу авианы адилтгал хийх боломжгүй гэж үзэж ирүүлсэн материалуудыг буцаасан. Интернетэд тавигдсан 60 тэрбумтай холбоотой бичлэг нь дуу авианы бичлэгийг дуу, дүрс болгон эвлүүлсэн гэсэн дүгнэлт гаргасан. Мөн УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл АНУ-д хандаж, хөндлөнгийн шинжээч томилуулж хийлгэсэн, шинжилгээгээр гурван хүний яриа гэсэн дүгнэлт гарсан бол гэрч нь таван хүн байсан гэж мэдээлсэн. 1400 төрийн албан хаагчаас гэрчийн мэдүүлэх авахад авлига өгсөн гэж хэн ч хэлээгүй. Төрийн албыг үнэлж, хахууль авах, сонгуулийн мөнгө босгох яриа нь бодит амьдрал дээр хэрэгжээгүй болох нь тогтоогдсон тул тус хэргийг хаасан гэсэн хариуг АТГ-аас өглөө.

Хэрвээ манай улсаас өөр улс оронд ийм баримттай, мэдээлэлтэй, олон нийтийн анхаарлын төвд байгаа бол хэргийг ийм янзаар хаасан бол тухайн улсын иргэд нэг цаг ч тэсэхгүй тэмцэх байсан байх. Энэ хэргийг хаасныг хүлээн зөвшөөрвөл цаашлаад Эрдэнэтийн 49 хувийн асуудал, Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг барьцаалж "Стандарт" банкнаас зээл авсан хэрэг, "Самурай", "Чингис" бондын эргэн төлөлт, төмөр замын хэрэг гээд дуулиант хэрэг ч ийм л байдлаар замхарна. Монголчууд бид одоо, эс бол хэзээ ч үгүй гэсэн сонголтын өмнө байна. Нам гэдэг явцуу үзэл баримтлалаа хойш тавиад улс гэдэг язгуур үнэт зүйлээ хамгаалж авлигын эсрэг бүх нийтээрээ тэмцэхгүй бол шударга ёсыг тогтоох хууль хяналтын байгууллага, АТГ өөрсдөө албан тушаал, авилгын өмнө хүчин мөхөстөж байна.

Миний бие нээлттэй сонсголын хуулийн дагуу 60 тэрбумын асуудалд холбогдсон нэр бүхий гурван хүн, гэрч, хууль хяналтын байгууллага, шинжээчид олон нийтийн өмнө нээлттэй сонсгол хийх ёстой. УИХ-ын гишүүдэд уриалж байна. Мөн хэн нэгэн хүн албан тушаалд очихдоо мөнгө өгсөн нь нотлогдвол прокуророос “60 тэрбум”-ын хэргийг дахин шалгах боломжтой. Тиймээс иргэд иргэний зориг гаргаж энэ талаарх мэдээллийг авч байна. Төрийн албанд мөнгө төлж орсон, хууль бусаар халагдсан бол 9310-6060 утас руу залгаарай. Ер нь ийм асуудалд нэр холбогдсон УИХ-ын дарга М.Энхболд огцрох ёстой. Ийм хэрэгт оролцсон хүн хууль хяналтын байгууллагад нөлөөлж ийм дүгнэлт гаргуулчихаад УИХ-ыг удирдана гэдэг ёс зүйн хувьд боломжгүй. Энэ хэрэг эцэслэн шийдвэрлэгдтэл М.Энхболд дарга үүрэгт ажлаасаа сайн дураараа түдгэлзэх шаардлагыг бичгээр хүргүүлнэ. Шат дараалсан арга хэмжээг авах болно" гэдгээ дуулгав.