Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай хуралдааныг өнөөдөр зохион байгуулж, төр захиргааны байгууллагууд сахилга, хариуцлагаа чангатгах үүргийг хотын дарга өглөө.
“Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг эртнээс хангах хэрэгтэй” гэж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд онцоллоо. Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын удирдах албан тушаалтнуудын ээлжийн амралтыг 8 дугаар сарын 10-наар тасалбар болгож, төлөвлөсөн ажлуудынхаа хэрэгжилтэд хяналт тавихыг үүрэгдлээ.
Хичээлийн шинэ жилийн нээлтээс өмнө авто замын шинэчлэл засварын ажлыг дуусгах, цэцэрлэг сургуулийн урсгал засвар болон шинээр ашиглалтад орох барилгуудад байнгын хяналт тавьж, стандартыг мөрдүүлэх шаардлагатай байна. Мөн үерийн улмаас эвдрэл үүссэн авто замуудыг засварлах ажлыг ч эрчимжүүлж, шат шатандаа ажлыг шуурхайлах үүрэг өглөө.
Түүнчлэн ажлын байранд архидан согтуурвал Монгол улсад дагаж мөрдөгдөж байгаа хуулийн дагуу арга хэмжээ авч, ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авна гэдгээ харьяа агентлаг, орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын дарга нарт хотын дарга хатуу санууллаа. Нийслэлийн төр захиргааны бүхий л байгууллагууд сахилга, хариуцлагаа чангатгаж, хүйтний уур амьсгал орохоос урьтаж бүтээн байгуулалт, тохижилтын ажлуудаа шуурхайлахыг даалгалаа. Бүтээн байгуулалт, тохижилт, өвлийн бэлтгэл ажил, хичээлийн шинэ жилийн бүртгэл, элсэлтийн ажлуудтай хотын даргын ахалсан ажлын хэсэг газар дээр нь очиж танилцана гэдгээ мэдэгдсэн юм. Нийслэлийн 4 том гүүрийн бүтээн байгуулалтын явцтай өнөөдөр Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг хяналт, шалгалт хийсэн бол эмнэлгүүдийн гадна талбайн тохижилтын ажил, гэр хорооллын “Дэд бүтцийн төв” байгуулах болон “ Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн явцыг мөн шалгана гэдгээ хэллээ.