Үерийн улмаас үүссэн лаг шаврыг цэвэрлэж, ариутгах хөрөнгийг шийдэж өглөө

Улсын Онцгой Комиссын ажлын хэсэг Хөвсгөл аймгийн Их-Уул суманд ажиллаж, өнгөрсөн долдугаар сарын үерийн улмаас үүссэн нөхцөл байдал, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаашид анхаарч ажиллах саналыг сонслоо.

Тус суманд өнгөрсөн долдугаар сарын 19-ний өдөр орсон усархаг борооны улмаас үер бууж, 181 айл өрх усанд автаж, 169 хашаа нурсан байна. Тиймээс гамшгийн хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд 70 хүн, 10 гаруй техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, нийтийн эзэмшлийн 15,5 га талбай, 1,2 км үерийн даланг засварлах, 1,4 км үерийн суваг шуудуу ухах ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд нийт 10 гаруй сая төгрөгийг зарцуулжээ.

Цаашид үерт өртсөн айл өрх болон нийтийн эзэмшлийн 32,8 га талбайд ариутгал халдваргүйтэл хийх, лаг шаврыг цэвэрлэх, үерийн далан сэргээн засварлах ажлуудыг зохион байгуулахад нийт 31,1 сая төгрөгийн хөрөнгө шаардлагатай гэдгийг Улсын Онцгой Комиссын ажлын хэсэгт танилцууллаа.

Шадар сайд Ө.Энхтүвшин, үерийн улмаас сумын төвд хурсан лаг шаврыг цэцэрлэг, сургууль эхлэхээс өмнө цэвэрлэж, ариутгаж дуусгах үүрэг өгсөн юм. Тус ажлыг хийж, гүйцэтгэхэд шаардагдах 20 сая төгрөгийг Улсын Онцгой комиссоос шийдвэрлэхээр боллоо.