Нэгдүгээр сургуулийн захирал удаа дараа хахууль авсан хэрэг цагдан хориотой шалгагдаж байна

АТГ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээлэлд Тамгын хэлтсийн дарга З.Баасанням, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог, Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалаг нар оролцлоо.

Мөрдөн шалгах хэлтсээс 2018 оны аравдугаар сард гэмт хэргийн шинжтэй 55 гомдол, мэдээлэл хянан үзсэн. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 386 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.

-Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг даргын Тамгын газрын удирдах албан тушаалтан нь тус суманд  улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжих зураг төслийн ажлыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж холбогдох хууль тогтоомжийг зөрчин гэрээ байгуулж бусдад давуу байдал бий болгосон гэх үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.

-“Буянт-Ухаа спортын ордон” төрийн өмчит аж ахуйт тооцооны газрын эрх бүхий албан тушаалтан  нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглан өөрийн хамаарал бүхий компанийг  хууль бусаар шалгаруулж давуу байдал бий болгосон гэх үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн.

-Төрийн албан тушаалтан Э, Г нар нь хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлснийхээ хариуд бусдаас хахууль авсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн.

Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог сэтгүүлчдийн асуултанд хариулсан юм.

-Прокурорууд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тухай асуудал яригдаад удаж байна. Шалгалтын явц нь ямар байгаа вэ?

-Прокурортой холбоотой асуудлыг хяналт шалгалтын хэлтэс шалгасан. Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлээд шалгалтын ажиллагаа явагдаж байна. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.

-Нүүрсний хулгайтай холбогдолтой асуудлууд гараад байна. Шалгалтын явцын талаар мэдээлэл өгнө үү?

-Нүүрсний хулгайн хэргээр УИХ-ын гишүүн Л.Энхболдын гаргасан өргөдлийн дагуу тус хэлтсийн мөрдөн шалгах хэлтэс  дээр хэрэг бүртгэл нээж тодорхой тооны нүүрсний тонноос дутсан байна гэх асуудлын талаар хэрэг бүртгэл нээж шалгаж байгаа.  Хэрэг шалгагдаж байхад Засгийн газраас томилогдсон ажлын хэсэг очиж ажилласан. Маркшейдерын компаниудаар үнэлгээ гаргуулаад тоо хэмжээ гаргасан байгаа. Хоёр янзын тоо хэмжээ гарсан байгаа. Үүн дээр хэргийг мухарлах чиглэлээр албан тушаалтнууд холбогдож байна уу гэдэг нь шалгагдаж байгаа.

Улсын хилээр нүүрс ачсан автомашин гарч, түүнийг нь хоосон гарсан гээд бүртгүүлсэн байна гэх хэргийг цагдаагийн байгууллага өөрсдийнхөө эрх хэмжээнийхээ хүрээнд шалгаж байгаа. Цагдаагийн байгууллагаас тодруулна уу.

-АМГТГ-ийн хэлтсийн даргын бичлэг задраад байгаа шалгагдаж байгаа. Энэ асуудал юу болсон бэ?

-АМГТГ-ийн хэлтсийн даргын бичлэгтэй холбоотой асуудал шалгагдаж байгаа.

-Нэгдүгээр сургуулийн захирал болон Дулааны сүлжээ ТӨХК-ийн захиалыг авлига авч байхад нь баривчилсан. Энэ хэрэг хэрхэн шийдэгдэж байна вэ?

-Нэгдүгээр сургуулийн захирал удаа дараа хахууль авсан хэрэг цагдан хориотой шалгагдаж байна. Хэргийг ойрын үед  дуусгаж прокурор шүүхэд шилжүүлэхээр ажиллаж байна. Улаанбаатар Дулааны сүлжээ ТӨХК –ний захирал Бямба-Очир албан үүргээ давуулан ашиглаж бусдад давуу эрх олгосон. Бусдаас хахууль авсан хэргээр цагдан хорин  шалгагдаж байна. цахим орчинд 500 сая төгрөг аваад үйлдэл дээрээ баригдлаа гэх мэдээлэл байна. Энэ мөнгөн дүн худлаа. Тодорхой хэмжээний мөнгө хурааж авсан.  Хурааж авсан мөнгөний гарал үүслийг шалгаж байгаа.

-1.3 сая ам.доллар хураасан хэрэгт шүүгч  холбоотой гэсэн мэдээлэл яригдаад байгаа. Үүн дээр тайлбар өгөөч?

-Энэ асуудал цахим орчинд олон янзаар бичигдэж байгаа. Цагдаагийн томоохон албан тушаалтан, прокурорын өндөр албан тушаалтан,  шүүгч , УИХ-ын гишүүн холбоотой мэтээр бичигдэж байгаа.  Эдгээр  асуудалд дээрх дурьдагдсан албан тушаалтнууд ямар ч холбоогүй. Тус газрын мөрдөн шалгах хэлтэс дээр бусдад хахууль өгсөн гэдэг зүйл ангиар яллагдагчаар татаж байгаа этгээдийн өөрийнх нь хөлсөлсөн байрыг олж, тэндээс хурааж авч шалгаж байгаа хэргийн мөнгөн дүн байгаа юм. Үүнд дээрх албан тушаалтны гэрээс хураасан зүйл огт холбогдоогүй.

 

23 Сэтгэгдэлүүд

Comments are closed.