Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 09 цаг 28 минутад гишүүдийн 52 хувийн ирцтэйгээр эхэлж, Улсын Их Хурлын гишүүн Б.Батзоригийн Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Монгол Улсын Ерөнхий прокуророос ирүүлсэн саналыг хэлэлцлээ.
Энэ талаар Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан танилцуулсан.
Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг нь “Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө, аж ахуйн сайдаар ажиллахдаа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А-88 дугаартай тушаалаар 134 иргэн, хуулийн этгээдэд 74.1 тэрбум төгрөгийн, 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А-141 дугаартай тушаалаар 82 иргэн, аж ахуйн нэгжид 25.4 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилт олгох шийдвэр гаргахдаа албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэх эрүүгийн хэрэгт Авлигатай тэмцэх газар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавин ажиллаж байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээд болох Засгийн газрын гишүүний эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзэж 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэн гэдгийг Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан танилцуулгадаа онцлов.
Мөн тэрбээр, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.2-д “гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг Улсын Их Хуралд оруулсан”, мөн хуулийн 6.13-д “Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг Төрийн байгуулалт, Хууль зүйн байнгын хороодын болон Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар, нууц санал хураалтаар шийдвэрлэнэ”, мөн хуулийн 6.15-д “Гишүүнийг энэ хуулийн 6.9.1, 6.9.2-т заасан үндэслэлээр бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх танилцуулгыг…Улсын ерөнхий прокурор зохих Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд хийнэ” гэж заасны дагуу Улсын Их Хурлын гишүүн Б.Батзоригт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан бөгөөд Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг танилцуулж байна гэж байлаа.
Энэ талаарх Улсын Их Хурлын халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүй болон Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, Ш.Раднаасэд, Д.Лүндээжанцан нар тус тус танилцуулсан. Байнгын болон дэд хороод 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Улсын Их Хурлын гишүүн Б.Батзоригийн Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн байна.
Улсын Ерөнхий прокурорын танилцуулга болон Байнгын болон Дэд хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Л.Болд, Д.Оюунхорол, М.Оюунчимэг нар асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Х.Нямбаатар, Ц.Даваасүрэн, Л.Болд, М.Оюунчимэг, Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж, М.Билэгт, Л.Энх-Амгалан, Д.Хаянхярваа нар санал хэлж, байр сууриа илэрхийлэв.
Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа нууц санал хураалтыг цахим тооцоолуураар явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Ингээд Байнгын хороодын саналаар “Улсын Их Хурлын гишүүн Б.Батзоригийн Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэснийг дэмжье” гэснийг хуралдаанд оролцсон гишүүдийн 86.8 хувь нь дэмжлээ. Иймд энэ талаарх Улсын Их Хурлын тогтоолыг төслийг баталлаа.